Нийслэлд халдварын тохиолдол буурахгүй байна. Сүүлийн 24 цагт 785 хүний шинжилгээний хариу эерэг гарч, дөрвөн хүн нас барлаа. Энэ бол яах аргагүй айдас! Харамсалтай нь амны хаалтгүй явах, худалдаа, үйлчилгээний газар руу орохдоо халуунаа хэмжүүлэхээс татгалзах, амны хаалтгүй байж дайрч орох ухамсар дорой хүмүүс гарсаар байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм. Зарим худалдааны зах, супермаркетийн хувьд ч халуун хэмжигчгүй, байлаа ч тэр нь ажилладаггүй, халдвар, хамгааллын дэглэмийг хангалтгүй биелүүлж байгаа зөрчил их байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар хийсэн мэдээлэлдээ “Нийслэлд цар тахлын тархалт өргөн хүрээг хамарсан. Халдварын нийт тохилдлын 88.3 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед нийт батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байгаагаас 3876 хүн нь нийслэлд эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 46-49.5 хувийн биеийн байдал хөнгөн, үлдсэн хувь нь нэн хүнд зэрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс нийслэлийн хүн амын дунд халдварын тохиолдол буурсан гэж тайвширч болохгүй. Лабораторийн тохиолдол буурсан мэт харагдаж байгаа ч шинж тэмдэггүй илэрч байгаа халдварууд нэмэгдэж байна. Тийм учраас хавьтал болсон иргэд дор бүрнээ хувийн ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг сахих шаардлагатай. Монгол Улс вакцин гарах хүртэл нэг жилийн хугацаанд халдварын тархалтыг барьж чадсан. Бид хүн амаа бүх нийтэд нь дархлаажуулахаар эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээр тунд ихэнх иргэд хамрагдсан байгаа. Харин хоёрдугаар тун дээр эргэлзэх тохиолдлууд байна. Халдвараас сэргийлэх гол арга бол вакцин. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч 21 хоног болоогүй тохиолдолд халдварт өртөх эрсдэл байна. Халдвар дотоодод анх бүртгэгдсэн цаг үетэй харьцуулахад өнөөдөр иргэн бүр амны хаалтыг тогтмол хэрэглэж байна. Вакцинаа хийлгэсэн ч дархлаа тогтсон гээд орхиж болохгүй. Вакцины ач холбогдлыг ойлгож, бүрэн тунд хамрагдсан тохиолдолд сайхан цаг удахгүй ирнэ. Хоёр дахь тунд нийт иргэдийн 80 орчим хувь хамрагдсан тохиолдолд халдварын эрсдэл буурна” хэмээн санууллаа.
Д.Дорж