С.Эрдэнэ (Ц.Элбэгдорж)-ийн АН-ын дарга М.Тулгат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шулуухан хэлэхэд АН хоёр хуваагдсан. Манай намын нэг хэсэг хүмүүс Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэднийг хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд Ерөнхийлөгч ашиглах гэж байсан. Өнгөрсөн оны өмнө зохион байгуулсан аравдугаар Их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр тодруулах хуйвалдааны шинжтэй дүрмийг бус өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Тэр нь өнөөдрийг хүртэл илчлэгдэж байна. Үргэлж худал мэдээлэл өнгөрсөн хугацаанд гаргаж ирлээ. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн” хэмээн онцолсон.
Тэгвэл өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй О.Цогтгэрэл (Х.Баттулга) даргатай АН-ын гишүүдийг эсэргүүцэж цуглаан хийх үеэрээ “Нэг зүйлийг та бүхэнд товчхон анхааруулж хэлье. Өнөөдөр ардчиллыг устгах, АН-ыг устгах төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой улстөрийн үйл ажиллагаа эртнээс эхэлсэн юм аа. Өнөөдөр эхлээгүй. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах торгон мөчид АН-ын бүлгээс 3 хүнийг өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгч, АН-ын Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэр үед унагаж байсан. Тэр үед Ерөнхийлөгчид би АН-ын даргын хувьд хэлж байсан. Энэ асуудал танд эргээд өөрт чинь гай болно. Хэзээ нэгэн цагт энэ алхамынхаа шанг хүртэх болно гэж өөрт нь анхааруулж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх мэдэл, албан тушаалдаа толгой нь эргэсэн Х.Баттулга үүнийг ойлгоогүй. Өнөөдөр тэр хүн үүнийхээ шанг хүртээд байж байгаа. Өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн УИХ-д АН-ын 11 гишүүн гэх АН-ын нэр зүүсэн хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ? Яг үнэндээ эдгээр хүмүүс өнөөдрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-аа тухайн үед нулимаад, орхиод, урваад гараад явсан, АН-ыг худалдаж, АН-аар улстөр хийж УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг гэдэг нөхрийг, олон нам дамжиж, өөрийгөө улстөрийн ямар хүн бэ гэдгээ тодорхой харуулсан С.Ганбаатар гэдэг хүнийг АН-ын нэр дээр дэвшүүлэхийн тулд, энэ бүлэглэлийн, МАН-ын, тэр ЖАН гэж нэрлээд байгаа АН-ын нэрийг барьж гутааж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн зорилгыг хангах гэж тэр хүмүүс тэнд байгаа юм аа. Ковид цар тахал тархаж байх үед тэр хүмүүс хаана байсан юм бэ? Иргэд чинь өчнөөнөөрөө үхэж үрэгдэж байхад тэр хүмүүс хаана байсан юм бэ? Энэ асуудлыг бид нухацтай сайн ойлгож авах ёстой юм аа. Монгол Улсын иргэний чиг үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чадаагүй, УИХ-ын гишүүний нэр зүүсэн тэр нөхдүүдийн үйлдэл, өнөөдрийн эрх барьж байгаа МАН-тай дөрөө нийлж харшиж байгаа энэ алхмуудыг та бүхэн харж байгаа. Бид ард түмэн, улс орныхоо эрх ашгийн төлөө тууштай зогсох болно” хэмээн мэдэгдлээ.
Энэ хүн Х.Баттулга АН-ыг хагалсан учир манай намын хүн байхаа больсон гэж шулуухан хэлчихлээ. Өөрөөр хэлбэл, АН гэдэг улстөрийн хүчин Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн дээр эргэлт буцалтгүй хуваагдаж байгааг л иргэд маш ойлгомжтой харж болохоор байна.
АН-ын энэ хагаралд МАН ч, ард түмэн ч огт буруугүй. Дотоод хэрүүл маргаан, өс хонзон, эрх мэдэл, орон зайгаа булаалдсан тэмцэлдээ шатаж, өөрсдөө л барьсан гэрээ нураачихлаа. Одоо АН гэдэг нэрэн дээр аль тал нь үлдэхийг харах л үлдлээ.
Д.Лхагва