Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр “Цагийн нөхцөл байдал амаргүй байна. Халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэр хэрээр хүндрэлтэй, амь насаа алдаж байгаа иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Монголчууд бид цөөхөн. Цаашид нэг ч иргэнээ алдмааргүй байна. Цар тахлын улмаас амь насаа алдсан алба хаагчид, ард иргэдийнээ гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ өвчин хэнийг ч тойрохггүй. Ямар ч байдлаар, хэнд ч халдаж, хэний ч амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна гэдгийг энэ цаг үе бидэнд улам харуулж байна. Тиймээс иргэн та гэрээсээ гарахгүй байж, хүүхэд багачуудаа ч гаргахгүйгээр нийт ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого шийдвэрээ дэмжиж, өндөр хариуцлагатай байхыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье. 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн вакцинжуулалтын ажлаа идэвхжүүлэх бүхий л бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Төрийн холбогдох байгууллагуудаас цаашид ч бүхий л шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байх болно. Амаргүй энэ цаг үед монголчууд та бид эв нэгдлээрээ, харилцан ойлголцлоороо, хамтын ажиллагаагаараа цар тахлыг даван туулж энх цагийг хамтдаа авчирах болно” гэлээ.