Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаан дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” хэмээн онцлоод Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улмаар уг хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, мөн хариуцсан салбарын чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.