АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 24-нд Флорида муж улсын Палм-Бич хотод тус улсын бүх нийтийн сонгуульд урьдчилж саналаа өгөхөөр төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жадд Дир мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн харш энэхүү хотод байдаг билээ. Трамп өмнө нь Нью-Йорк дахь байнгын оршин суух газраа Палм Бич хот руу шилжүүлжээ.
2016 оны сонгуульд тэрбээр сонгуулийн өдөр Нью-Йорк хотод гэргийн хамт саналаа өгч байсан юм.
АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ удаагийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын 35 гишүүнийг, мөн 13 муж улс, орон нутгийн захирагч нарыг сонгоно гэж МОНЦАМЭ мэдээллээ.