Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 15-нд 07.00-20.00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулах товтой. Үүнтэй холбогдуулж, Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвслийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр өөр бусдыгаа шүүмжилж, чичлэх нь олширч эхлэв. Хоёр дахь удаагаа сөрж чадахааргүй сөрөг хүчний эгнээнд шилжсэн Ардчилсан намын хувьд МАХН, ШИНЭН-д найман тойрог өгөх байдлаар Н.Энхбаяр нарыг түшихээр болсон.УИХ-ын сонгуулийн өмнөхөн 100 саяас эхэлж, 400 саяд хүрсэн гэх нэр дэвшүүлэх хандив, дэнчин нэртэй тойрог зарах үйлдлээсээ болж экс дарга С.Эрдэнийнх нь нэр хүнд шороотой хутгалдаж, өөрөө ч унасан. Намаа ялагдуулах нэг шалтгаан ч болсон гэдэг юм. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, гишүүддээ зарсан энэхүү үйлдэл нь С.Эрдэнийг хариуцлага хүлээлгэсэн ч түүнийг тойрсон шүүмжлэл өнөөг хүртэл намд нь өдөлсөөр буй.Эрх баригч Ардын намын тухайд арай өөр байдлаар сонгуульд оролцсон нь 2016 оны үнэмлэхүй ялалтаа бататгах, хадгалж үлдэх шалтгаан болсон байдаг. Монголын улс төрд намуудыг мөнгө, бизнес эрхлэгчидтэй олон жилийн турш холбож ирсэн ойлголт бий. Харин МАН бодлогын шинэчлэлийн хүрээнд улс төр дэх мөнгөний нөлөөг халах шат дараалсан үйл ажиллагааныхаа эхний алхам болгож, сонгуульд нэр дэвшигчдээс ямар нэгэн хандив, дэнчин авахгүй гэдгийг мэдэгдэж байв. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин авахгүй. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дэмжлэгийг хүлээгээд зогсохгүй түүнд нэмэх оноо авчирч байлаа. Нэр дэвшихийг горилогчдод ард иргэдээс болон албан байгууллагаас хууль зөрчсөн хандив дэмжлэг авахыг ч хориглосон. Энэ зарчим нь өөрөө нам сонгуульд ялсан тохиолдолд өгсөн хандивын хэмжээгээр төрийн ажил, албыг худалдан авдаг мэтийн байдлыг таслан зогсоох шийдвэр болсон юм. МАН төрлийн нам биш түмний, ах, дүүгийн бус Ардын нам байж ирсэн түүх уламжлал, үнэт зүйлтэй гэдгийн илрэл энэ. Ирэх сарын 15-нд болох орон нутгийн сонгуульд ч нэр дэвшүүлэх процессоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг баримталсан гэдгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн нь саяхан. Нэг үгээр нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэл, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх гурван шалгуур үзүүлэлтээр НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан хэрэг. Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага парламентад 62 суудлыг авч, Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрэх шугамандаа орж эхэлсэн тэдэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь нийслэл, хөдөө орон нутгийн удирдлагыг бүрдүүлэх баг байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Ардын намд ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлье. Тэгж байж төрийн ажил шат, шатандаа гацаанд орохгүйгээр урагшилна.
Өдгөө бидэнд шүүмжлэл гэхээсээ шийдэл, гарц гаргалгаа хэрэгтэй. Тэгэхийн тулд багийн тоглолт чухал. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар ч “Нэр дэвшигчдэдээ НИТХ хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд 1.3 сая хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй, олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан” гэдгийг онцолсон. Үүнийг яагаад тодотгоод байна вэ гэхээр МАН өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулсан нь бодит үнэн. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн.Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх гол зам /Налайхын зам/-ыг дөрвөн эгнээ болгон өргөтгөв. Хоёр ээлжээр 33 чиглэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлж байна. Бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд алслагдсан зургаан аймгийн төв рүү чиглэсэн хатуу хучилттай замыг барих ажлыг дуусгаж, улмаар бүх аймгийн төв 2020 онд багтаж нийслэлтэй холбогдож эхэллээ.Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон “Хөгжлийн алтан тойрог” үүсгэх нь МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд багтсан амлалт хэрэгжүүлэх зорилт. Үүний хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Цаашлаад олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” барьж, ашиглалтад оруулах нь тэдний сонгогчдод өгсөн амлалт. Үүнээс гадна “Хотын хөгжил дүүргээс” дэд зорилт бүхий нийслэлийн есөн дүүргийг хэрхэн хөгжүүлэх талаарх цогц бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа юм.Хамгийн гол нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит ажил болгоход өөрсдийнх нь баг хэрэгтэй. Түүнээс УИХ-ын сонгуулийн шархаа НИТХ-д өрсөлдөх замаар нөхөх зорилготой нэр дэвшигчдийн хийх ажил лав биш. Нэгэнт л ачаа үүрүүлэхээр үнэмлэхүй олонхоор нь сонгосон бол энэ удаад ч түүнийгээ бататгаж, үүрүүлсэн шиг үүрүүлэх л учиртай. Тэгж байж улсын, хотын хөгжил, орон нутгийн хамтдаа нэг чигт, нэг зорилго, шийдвэрийн хүрээнд урагшлахгүй гэж үү?! Нэг дүүрэгт өөр нам засаглах хугацаанд хөгжих нь байтугай хөгжлийн “гацаа” болж байсан түүх нэгээр тогтохгүй бий.
Г.Эрхэс. Эх сурвалж: “Монголын үнэн” сонин