“Нийгмийн халамжийн бодлого хавтгайрлаа. Бэлэн мөнгө тараалаа. Хүүхдүүдэд сар бүр 100.000 төгрөг өгөх болсноор бэлэнчлэх сэтгэлгээ гаарч, ажил хийх сонирхолтой хүн багаслаа” гэдэг шүүмжийг сөрөг хүчний захиалгаар ч гэх үү зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөржүүлэн дэвэргэх боллоо. Эрх баригч МАН-ын хувьд нийгмийн хамгааллын бодлогыг нэгдүгээрт тавьдаг зүүний чиг баримжаатай нам. Энэ талаасаа ажилгүй, ядуу иргэдийг төрийн хараа хяналтанд байлгах бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл, “Чадалтай нь үлд. Чадалгүй нь үх” гэдэг зэрлэг капиталист үзэл санаагаар өнөөгийн нийгмийн амьдралыг төсөөлдөггүй. Ер нь дэлхий нийт, ялангуяа баруун Европ, Скандинавын орнууд нийгмийн баримжаат зах зээлийг хөгжүүлж ирсний хүчинд хүний хөгжил нь өндөр түвшинд гарсан юм. МАН Хүн төвтэй төрийн бодлогоос хэзээ ч хазайж байгаагүйн гол учир шалтгаан үүнд бий.
Коронавируст халдварт өвчний улмаас зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих болсноор ажилгүйдэл нэмэгдсэн. Хүмүүсийн орлого хумигдсан. Ийм хүнд хэцүү үед амьжиргааны эх үүсвэргүй болсон иргэддээ анхаарал тавих нь төрийн үүрэг биз дээ? “Цалинтай ээж ” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгч, нэн ядуу айл өрхүүдэд олгох хүнсний тусламжийг нэмэгдүүлснээр энэ улс дампуурчихгүй нь лав. Харин ч ирээдүйгээ хамгаалж байгаа хэрэг. Нийгмийн баримжаат зах зээлийн бодлого бол цөөхөн хүн амтай манай улсын хувьд хамгийн зөв гарц! Монголын төр хүүхэд, эхчүүдээсээ хэзээ ч мөнгө харамлах ёсгүй. Яагаад гэвэл хүний хөгжил, улсын ирээдүй эндээс эхэлдэг юм. МАН үүнийг харж, бодлогоо чиглүүлж байгаа нь олз.
Д.Лхагва