Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжүүлж, хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг хойшлуулсныг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар 290 орчим хүнийг баривчилжээ.
Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг ням гарагт явуулахаар товлоод байсан боловч нэг жилээр хойшлуулжээ. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү шийдвэрлэсэн байна.
Жагсагчид цахим уриалгын дагуу Коулун хойгийн дүүрэгт цуглажээ. Тэд “Хонконгийг чөлөөл” хэмээн хашхирч байсан бөгөөд сонгуулийн ардчилсан тогтолцоог шаардсан байна. Жагсаал болсон хэсэгт 2000 орчим цагдааг байршуулсан ба тэд жагсагчдын биеийн байцаалт болон авч яваа эд зүйлсийг нь шалгаж, тухайн газраас явахыг уриалж байжээ.
Цагдаа нарын мэдээлснээр, бие даасан байдлыг дэмжихийг уриалсан нэгэн эмэгтэйг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж баривчилжээ. Жагсаалын үеэр 290 орчим хүн баривчлагдсаны дийлэнхийг нь хууль бусаар жагсаал цуглаан хийсэн гэж үзсэн байна.
Ардчиллыг дэмжигч бөгөөд сонгуульд нэр дэвших шаардлага хангаагүй Фергус Люний хувьд хэрэв сонгууль хойшлоогүй, өөрөө нэр дэвшиж чадсан бол саналаа өгөхийг хүмүүст уриалах байсан ажээ. “Бид аюулгүй байдлын тухай хууль гэх мэт өнгөрсөн онд Засгийн газрын гаргасан алдаа дутагдлуудын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.