Монголын геологийн холбооны ерөнхийлөгч, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүн Я.Бат-Ирээдүйтэй манай сэтгүүлч Д.Лхагвадорж ярилцлаа.
–Та Монголын геологийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод энэ салбарын мэргэжлийн холбоодыг нэгтгэх санаачлага гаргасан. Асуудал ч шуурхай өрнөж 2020 оны 1 дүгээр сарын 10-нд геологийн 22 холбоо хамтарч ажиллахаар санал нэгдэж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг байгуулж билээ. Та бүхэн олон ажил төлөвлөсөн байх. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионоос болоод үйл ажиллагаанд чинь саад тотгор учирсан байх даа?
-Тиймээ. Коронавирус бидний үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн. Төр засаг “Ковид-19” халдвараас сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээ авч эхэлсэн учраас олноороо цуглаж, үйл ажиллагаа явуулах асуудал хумигдсан. Уг нь Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж, хэлэлцэх асуудал цөөнгүй байлаа. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчиж болохгүй шүү дээ. Цахимаар хуралдаж болох ч манай салбарынхны ажлын ид үе нь урин дулаан цаг учраас зарим нөхөд маань хөдөө явсан. Тийм учир төлөвлөсөн ажлууд маань хэрэгжихэд хүндрэлтэй байлаа. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах боломж нэлээд хумигдаж, төлөвлөсөн ажлууд маш ихээр хойшилсон гэсэн үг л дээ. Хийхээр төлөвлөсөн зарим ажлууд замын дундаас зогссон. Сургалт, зөвлөгөөний ажлаа илүү өргөн цар хүрээтэй хийе гэж бодож байсан ч тэр болгондоо хүрч чадаагүй. Олон нийтийн байгууллагыг толгойлж байгаа надад их хүнд сорилт байлаа. Одоо ч тэр сорилт үргэлжилж байна.
-Мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн холбоодын үгийг төр засаг хэр зэрэг хүлээж авдаг вэ? Ер нь та бүхнийг Засгийн газар, салбарын яам яаж дэмждэг бол?
-Үнэн хэрэгтээ дээрээс дэмжлэг хүсээд, гүйгээд байгаа юм бидний зүгээс бага. Харин төр засагтаа салбарынхаа хүндрэлтэй асуудлуудыг тавьж, шийдүүлэх талаар санаачлага гаргаж ажиллалаа. Боломжийнхоо хэмжээнд, боловсон хүчний чадавхийнхаа хэмжээнд шийдүүлэх гэж оролдож байна. Түрүүчээсээ шийдүүлж чадсандаа баяртай байна. Тухайлбал, нэгдсэн зөвлөл байгуулж чадлаа. Улмаар нэгдсэн зөвлөл болон Монголын геологийн холбооны шугамаар удаан хугацаанд олгогдоогүй байсан төсвийн мөнгийг тухайн аж ахуйн нэгжид олгуулах тал дээр дуу хоолойгоо хүргэж чадлаа. Салбарынхаа мэргэжлийн зэрэг дэв олгох асуудлын хүрээнд дампуурсан гэж болохоор доголдолтой байсан зүйлсийг засах сайжруулах чиглэлээр бололцооны хэмжээнд ажиллах гэж зорьж байна. Өөрөөр хэлбэл, салбарынхаа нэр хүндийг илүү өсгөх чиглэлээр мэргэжлийн зэрэг дэв олгодог, тэрнээс бус аливаа шудрага бус асуудал байж болохгүй гэдэг нийтлэг олонх геологчидын эрх ашгийг хангах талаар зарим нэг өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзсэн учраас түүний дагуу санаачлага гарган бусад холбоодууд болон нэгдсэн зөвлөлтэйгээ нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Мэргэжлийн холбоод нэгдэж байж цаашдаа энэ салбартаа мэргэжлийн зэрэг дэв олгоход тодорхой цензур бий болгох ёстой юм. Нэг ёсондоо мэргэжилтнүүдийнхээ чадварыг дээшлүүлэх чиглэл рүү ажиллах нь зүйтэй гэдэг саналыг төр засагтаа тавьж шийдүүлсэн. Манай геологийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байгаа компаниуд хүндрэлтэй байх шиг байна. Нэгэнт батлагдсан төсвийн хүрээнд ажлаа явуулж байгаа компаниудад ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний дутагдал их гарч ирж байна. Цагтаа төсөв мөнгө нь олгогдохгүй байх жишээний хүндрэл одоо ч үргэлжилж байна. Харин манай геологичид хувь хүнийхээ хувьд, эсвэл ганц компаниараа асуудлыг хөөцөлдөх биш мэргэжлийн холбоогоороо дамжуулаад нэг удирдлага, нэг цонхоор төр засагтайгаа харьцах юм бол төсөв мөнгийг нь олгуулсан шиг амжилтад хүрэх бололцоо байгаа юм болов уу гэж харж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгө олгогдохгүй байна, ажил явахгүй байна гэдэг бухимдсан мэдээлэл сошиалаар багагүй явахыг хараад “Гарц гаргалгаагаа харахгүй байна даа” гэж надад бодогдсон. Бидэнд хандаад, асуудлаа яривал холбооны болон нэгдсэн зөвлөлийн зүгээс зохих газарт нь уламжилж болно.
–Ерөнхий сайдын хувьд мэргэжлийн хүмүүсийг тодорхой өндөр албан тушаалд томилох бодлого барьж байгаа нь Засгийн газрын гишүүдийн томилгооноос эхлээд харагдсан. Таны бодлыг сонсоё?
-Бидний хамгийн том ололт бол Монгол Улсад Үндэсний геолгийн алба /ҮГА/ байгуулагдсан явдал гэж ихэд олзуурхаж байна. Зориуд онцлоход геологийн салбарт олон жил ажилласан, төр болон хувийн хэвшлийн арвин туршлагатай, шинжлэх ухааны тодорхой сэдвээр докторын зэрэг хамгаалсан салбарын шилдэг мэргэжилтэн О.Чулууныг шинээр байгуулагдсан Үндэсний геологийн албаны даргаар томилсныг би хувьдаа нүдээ оллоо гэж талархалтай хүлээн авсан. Мэдээж нэг өдөр л өргөс авсан мэт бүх асуудлыг шийдчихгүй. Ажил алхам алхамаар урагшаа явах нь дамжиггүй гэсэн өөдрөг нүдээр харж байна. Гэхдээ ҮГА-ны бүтэц, зохион байгуулалтыг маш сайн хийгдэх байх гэсэн хүлээлттэй байсан ч анх яригдаж байсан бүтцээсээ бага зэрэг гажсан. “Оргүй дорвол охинтой нь дээр” гэдэг шиг ҮГА байгуулагдсан нь манай салбарын хөгжилд эерэг нөлөө авчирна гэж итгэж байна.
-ҮГА-наас та бүхэн хамгийн түрүүнд юу хүсэн хүлээж байна вэ?
-Энэ салбарын бодлогыг зөв чиглэл рүү оруулаасай гэж хүсч байна. Геологи бол тойруу замаараа эдийн засагт их нөлөөтэй салбар. Манай улсын хөгжлийн түлхүүр нь манай салбарт байна гэж ойлгож болно. Энэ утгаараа салбарын мэдээлэл нь маш өндөр түвшинд хадгалагдаж, хамгаалагдаж байж улсын хар хайрцагны бодлого хэрэгжинэ. Гэтэл өнөөдөр тийм байж чадахгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын мэдээлэл хэн дуртай хүнд явж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Нэгэнт ард түмний татварын мөнгөөр судалгааны ажил хийгдэж байгаа. Угаасаа ард түмний татварын мөнгөн дээр төр тогтож байгаа биз дээ? Татварын мөнгийг энэ салбарт зарцуулж байгаа юм бол мэдээлэл нь төрийн хар хайрцагны бодлого дотор багтаж байх ёстой гэж би хувьдаа боддог. Нэг их ухаан зараад байлгүйгээр ойлгочих тодорхой асуудал юм л даа, уг нь.
-Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр геологи, уул уурхайн салбар урагшаа хөдлөхөд хэцүү гэж мэргэжлийнхэн ярьдаг. Төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ байдал санасан түвшинд хүрч чадахгүй байна уу даа гэж бодогдох юм?
-Аливаа салбарыг хөгжүүлэхэд эрэмбэ, дэс дарааг нь зөв тодорхойлох ёстой. Монгол Улсын тэргүүлэх салбар нь эрдэс баялагийн салбар гээд хүлээн зөвшөөрчихсөн. Харин цаашид хөгжүүлэхэд алсын хараа хамгаас чухал. Улс өөрөө анхаарлаа хандуулаад, болохгүй бол хувийн хэвшлийг татан оролцуулах хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр энэ том салбарын ажлыг төсөөлөхийн аргагүй. Яагаад гэвэл геологи хайгуулын ажил бол маш өндөр өртөгтэй бөгөөд улс дангаараа бүх зардлыг нь хариуцна гэж хэзээ ч байхгүй. Өөрөөр хэлбэл, геологи, уул уурхайн салбар гаднын хөрөнгө оруулалтгүйгээр урагшаа цойлох боломжгүй учраас л төр маш нарийн бодлого барьж, алсын хараатай байх ёстой юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталлаа л гэсэн. Тэр баримт бичигт нь эрдэс баялагийн салбарын тухай ямар асуудал тусгагдсаныг би мэдэхгүй. Нэг л сүрхий бодлогын баримт бичиг гаргасан гэсэн мөртөө түүнийгээ ард түмэндээ тайлбарлаж, сурталчилж байгааг олж харахгүй байна. Хэдэн сайд дарга нар л яриад байхаас биш 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг жирийн иргэдийн хэдэн хувь нь харсан бол гэж гайхаж л байна. Уг нь олон салбарын тэргүүлэх эрдэмтэн, мундаг улсуудыг оролцлуулж баталсан гэсэн. Уул уурхайн салбарыг дэмжиж хөгжүүлэх талаар ямар зүйл орсныг би хувьдаа сонсоогүй, хараагүй. Улс орон алсын хараатай байя гэвэл олон нийтийн байгууллагаа түшиглэж, мэргэжлийн холбоодтой илүү нягт ажиллах ёстой шүү дээ. Сонгуулийн үеэр баахан холбоодтой гарын үсэг зураад байгаа л харагдсан. Үр дүн нь байх ёстой. Цаасан дээр үлдэх юм хэрэггүй ш дээ. Тийм л сэтгэгдэл төрж байгаа юм чинь.
–Оюутолгойн гэрээг засч залруулах ёстой гэдэг яриа өнөөдөр ч үргэлжилж байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь аливаа гэрээг байгуулахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад өөрсдийнхөө эрх ашгийг зөв ойлгуулах ёстой. “Монгол Улсын эрх ашиг ийм байна. Үүнд нийцүүлж ажиллавал бид дэмжинэ, ард түмэн маань ч ойлгоно” гэдгээ төр ил тод ярих хэрэгтэй. Оюу толгойн асуудал олон жил яригдаж байна. Монголын төр гэрээ байгуулчихаад дараа нь эргэж буцахаар хөрөнгө оруулагчдад эвгүй сэтгэгдэл төрөөд байгаа юм. Нэгэнт л гэрээ байгуулсан бол биелүүл л дээ. Үзэглэхээсээ өмнө бүх асуудлаа шийдэх ёстой юм.
Үнэндээ төрийн удирдах түвшинд байгаа зарим хүмүүст эх оронч, өөриймсөг сэтгэлгээ дутдаг юм болов уу гэж бодогдох юм. Аливаа асуудал хүнээсээ л гардаг шүү дээ. Тийм учраас л төр засаг зөв хүнээ зохих албан тушаалд нь олж тавих чадвартай, нүдтэй байх ёстой. Боловсон хүчинд юу чухал юм бэ гэж асуухаар ихэнх нь боловсрол гэж хариулдаг. Миний бодоход хүмүүжил, ёс суртахуун хамгийн чухал. Хэдэн дээд сургууль төгссөн байгаад төлөвшил муутай бол төрийн ажлыг унагааж л таарна. Өнөөдөр Монгол ухаан, Монгол хараа, Монгол сэтгэлгээнд тулгуурласан мэргэшсэн хүн л үгүйлэгдэж байна. Дээр нь сэтгэл зүтгэл дутагдаж байна. Би ажлынхаа залууст байнга хэлдэг юм. “Аливаа ажилд сэтгэлээсээ хандаж бай, хүний сэтгэлээс гарсан бүхэн заавал үр дүнтэй байдаг” гэж. Өдөр цагийг үр дүнгүй өнгөрөөх, өөрийгөө худлаа рекламдах, мэдлэгтэй хүн болж жүжиглэх нь төрийн албан хаагчдад огт хэрэггүй. Тийм хүн эртхэн больсон нь дээр.
-Сүүлийн үед хувийн хэвшил рүү, хувийн өмч рүү төр хэт их оролцох боллоо гэдэг шүүмжлэл гарлаа. Та хувьдаа тийм хандлагыг олж харав уу?
-Миний л бодол юм даа, хувийн хэвшил рүү төр заримдаа орохоос өөр аргагүй байдлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө үүсгэдэг. Дур мэдэн дуртай юмаа хийх гэж зүтгэдэг. Энэ бол хууль эрхзүйн мэдлэг дутуу байгаатай холбоотой, нэг талаасаа. Нөгөө талаасаа төр таниулан мэдүүлэх зүйлээ муу хийж байгаагийн шинж. Бас нэгэнт болоод өнгөрсөн асуудлын араас төр нь дөвчигнөн харайх биш яаж засах вэ, яаж зөв гольдиролд оруулах вэ гэх нь чухал. Түүнээс биш шууд хурааж аваад бизнесийн үйл ажиллагаанд нь гар дүрээд байх нь болчимгүй асуудал. Хууль эрхзүйн орчноо сайжруулж болно. Ер нь амьдралд нийцэхгүй бол яаралтай засах хэрэгтэй. “Тэр орны туршлага ийм байдаг. Улс орондоо нэвтрүүлье” гэж ярьдаг төрийн том албан тушаалтанд би дургүй. Үүнийгээ болимоор байгаа юм. Монгол орны, монголчуудын сайхан бодьгал сэтгэлгээнд нийцсэн, үндэснийхээ онцлогийг тусгасан тийм өөрийн хуулийг бий болгох ёстой. Харь орны хуулийг авчираад хууль боловсруулсан хүний дүр эсгээд байхаар чинь хууль хэрэгжихгүй байгаа юм. Бодоод үз л дээ. Өндөр хөгжилтэй орны түвшинд манай улс хүрээгүй учраас хуулбарласан хууль нь Монголын хөрсөнд буухгүй байна. Хүн болгон ухамсараараа хүлээж авах хууль яагаад гаргаж болохгүй гэж? Эзэн Чингисийн үеийн хууль зарлиг шийдвэр тухайн цаг үеийнхээ онцлогт нийцэж байсан юм билээ.
–Уул уурхай огт хэрэггүй. Монгол Улс өөр аргаар хөгжиж л таараа гэдэг үзэл бодолтой хүн төр засагт ч, хувь хүмүүс дотор ч цөөнгүй байх юм. Монгол Улсын эдийн засгийг аваад явчихаар өөр ямар боломжийн салбар байгаа бол?
-Геологи, уул уурхайн салбаргүйгээр Монгол Улс цаашаа хөгжөөд явна, эдийн засгаа сайжруулна гэх нь үлгэр ярьж байна л гэсэн үг. Энэ салбарыг ухаалгаар, зөв менежментээр хариуцлагатайгаар хөгжүүлэх нь бидний ирээдүй. Гагцхүү салбараас олж буй хөрөнгө мөнгөө эдийн засагтаа зөв эргэлдүүлэх, хоёрдугаарт, ирээдүйн сангаа бий болгоход зарцуулах хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэхэд улс орон хямраад байхааргүй тийм сантай болох цаг болсон. Тэр сангаа хөгжүүлээд явж байгаа улс орон олон байна. Бид яагаад тэр арга замыг сонгож болохгүй гэж?
–Айл гэр ч ялгаагүй…
-Айл өрх ч ялгаагүй хуримтлалаа л өсгөөд байвал тухайн айлын ирээдүй арай баталгаатай болно шүү дээ. Нэг савалгаа боллоо гэхэд туулаад гарна. Харамсалтай нь өнөөдөр хүмүүсийн орлого муу байгаа болохоор зөвхөн өнөөдрөөр амьдарч байгаа айл олон байна. Нийт айл өрхийн бараг 70 хувь нь өнөөдөр л болж байвал маргаашийн тухай бодох тэнхээгүй амьдарч байна. Орлого байхгүй болохоор хуримтлал үүсгэх боломж алга. Малчдын хувьд улирлын чанартай орлоготой, түүндээ л найддаг. Нөгөөх нь байгаль цаг уураас хамааралтай. Энэ зун ихэнх говь гантай байлаа. Тэнд байгаа малчин айлууд сэтгэлийн дарамттай амьдарч байна. Оторлоё гэхээр хүний газраас хөөгдөнө.
-Ингэхэд коронавирусын улмаас уул уурхайн салбарт ямар хохирол учрав?
-Коронавирусээс болоод манай уул уурхайн салбар 60 хувийн алдагдал хүлээж байна. Энэ жил төсөвт 40 хувийн орлого оруулж чадах юм уу, үгүй юм уу? Хэрвээ коронавирусын хоёрдахь давалгаа эхэлсэн гэж үзэж байгаа юм бол хил боомтын асуудал хаашаа ч эргэж магадгүй. Вакцин гаргаад, ард иргэддээ хурдхан хамруулаад, хил гаалиа нээгээд, эдийн засгаа сэргээх арга хэмжээ авах нь л төр засгийн номер нэг асуудал. Хоёрдугаарт, 800 сая ам.долларын тусламж орж ирсэн гэж хэвлэл мэдээллээр ярих юм. Тэр мөнгийг юунд зарцуулаад байгаа юм бол? Хэрвээ дотроо алдвал манай эрүүл мэндийн салбар барьц алдана. Улсын хэмжээнд ердөө 100 гариухан амьсгалын аппарат байдаг юм гэсэн. Дор хаяж 500 байх ёстой шүү дээ. 800 саяыг юуны өмнө ард иргэдийн эрүүл мэндийг авран, хамгаалах ажилд зарцуулах ёстой. Аливаа халдварт өвчин дэгдэхэд бэлтгэлтэй улс орон л хохирол багатай даван туулна. Бид механикаар л “Ковид-19”-ыг барьж байна даа. Хэдийгээр хүнд байгаа ч гэсэн гадаадад байгаа Монголчууддаа байнга хараанаас салгаж болохгүй. Юуны түрүүнд нэг том цогцолбор эмнэлэг барьмаар байна. Зарим улс орон сарын дотор 10 мянган хүн хэвтэх эмнэлэг барьчихлаа. Хамгийн гол нь дараа нь үлдэнэ шүү дээ. Ямар ч зорилгоор ашиглаж болно. Аливаа юмыг хувирдаг системээр барьж байгуулж болно. Ашиглалтыг нь өөрчилж болно. Өөрөөр хэлбэл, алсыг харсан ажил хийх нь амин чухал болоод байна. Энэ Засгийн газар, Ерөнхий сайдын тухайд цөөн тооны том бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэнд талархаж байна. Нефтийн үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, утааны асуудлыг шийдэх гээд хэд хэдэн зоримог ажил эхлүүллээ. Утааны асуудал бүрэн нааштай шийдэгдэх цаг ирнэ. Ирээдүйд Монгол Улсыг хийн хоолой дайрч гарвал утаанаас салж чадна. Ашдын билгээс амны билэг гэдэг дээ. Муу муухайг ярих биш гэгээлэг тал руугаа амьдрамаар байгаа юм. Харамсалтай нь сошиалаар ихэвчлэн хар бараан мэдээлэл гарах болжээ. Хайран сайхан цагаа хүн муулахад зориулж байгаа нь дэндүү харамсалтай.
-Сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Дахин хэлэхэд Ерөнхий сайд мэргэжлийн улсуудыг сайдаар томилсонд баяртай байгаа. Монгол маань гэгээлэг, үндэсний мэргэжилтэн дээрээ тулгуурлаж амжилтад хүрнэ. Залуус хүч түрж орж ирж байгааг би зөв гэж харж байна. Гэхдээ өндөр дээд албан тушаалд амьдрал үзсэн, хий нь гарсан, арвин их туршлагатай хүмүүсийг тавьбал алдаа бага гаргана гэж боддог. Залуус маань харин түшиг болох ёстой. Бид ирээдүйн боловсон хүчнээ алсын хараатай бэлдэх ёстой бөгөөд үүнд төрийн оролцоо маш их. Гадаад хэлтэй гээд баахан залуус ажилд томилогдоод байх шиг байна. Яг үнэндээ хэл бол хэрэглүүр болохоос бодит мэдлэг биш. Мэдлэгийг тухайн салбарын онцлогоос хамаараад олон жилийн ажлын туршлага, нөр их хөдөлмөөр олж авдаг. Их сургууль төгсөөд бүх юмыг мэддэг болчихдоггүй л байхгүй юу. Ингээд үгийнхээ эцэст атаархуу, залхуу, амиа боддог зан Монголын хөгжилд чөдөр тушаа болж ирсэн гэдгийг мартаж болохгүй гэдгийг залуустаа хандаж сануулая.
Ярилцсан Д.Лхагвадорж