Сэтгүүлч бол хэцүү мэргэжил. Өрнөдөд нэг сэтгүүлч 12 танкчинтай
тэнцэнэ гэж ярьдаг. Бас дээрээсээ 2 дугаарт орох хүнд ажил мэргэжил
гэдэг бараг л албан ёсны үнэлэмж бий.
1996 оны УИХ-ын сонгуульд
Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын
“Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, Засгийн газраа дангаараа
бүрдүүлэх хэмжээний ялалт байгууллаа. Сонгуулийн дүн гарсны дараа
эвслийн лидерүүдийн сэтгүүлчдэд хийж байсан мэдэгдэл санаанд маш тод
байна. Баянхонгороос УИХ-д сонгогдсон МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж
хэвлэлийн бага хурал дээр “Ардчилсан хүчин засаг барих тавилантай” гэж
бардамнав. М.Энхсайхан “АХ эвсэл Засгийн газраа дангаараа байгуулна”
гэж эрдэв. Нялхаараа эрх мэдэлд хүрсэн ардчилагчдын бяр нь амтагдсан
байх л даа. Гаргасан шийдвэр болгон нь “зоримог” гэж “аймаар”. Халаа
сэлгээг харин нэг ч хуйхалж өгсөн дөө. Хайч л гэсэн үг. Нялх
ардчилагчид эхлээд төр засгийн төв хэвлэл “Ардын эрх” сонины Ерөнхий
эрхлэгч Ц.Балдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг яаравчлав. Үзэл
суртлын гол цэгээ эхлээд онилох нь угаасаа ойлгомжтой. Гэхдээ шууд
халаад хаях хуулийн механизм тухайн үед байгаагүй байсан болоод ч тэр үү
асуудлыг УИХ дээр хэлэлцсэн санагдана.
Мань Баабар “Балдорж надад
таалагдахгүй байна. Огцруулая” гэж адрав. Ёжтой хүн чинь цагийн давуу
байдлаа ашиглан хуучны арга технологийг нь мэдрүүлье гэж сэтгээ биз.
Асуудал ч эрх мэдэлтнүүдийн талд гарлаа. Ц.Балдорж гандан буурсангүй
“Өнөөдөр” хэмээх сониныг үүсгэн байгуулав. Ингэж Монголын анхны чөлөөт
өдөр тутмын сонин үүсч билээ. Төр засгийн статустай “Ардын эрх” сониныг
бодвол нийтлэлүүд нь хурц, даацтай, дайчин, шинэлэг, задгай… Оюутан
байсан би ихэд татагдаж, төгсөөд энэ сонинд ажиллана гэж мөрөөдөж эхлэв.
Мань мэтийн хувьд тэнгэрийн хүсэл байсан л даа. Гэхдээ тэр том редакци
намайг авсан, тоосон.
… Түс тас яриатай, хээнцэр ганган, шаламгай
гэж жигтэйхэн шавилхан ахыг Б.Монхоо гэх. Үндэсний өдөр тутмын
“Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч. Томоо том… Дөнгөж сургууль
төгссөн надтай ч юугаа ярихав гэж бодоод дөлнө. Нэг өдөр “Хөөе чи нааш
ир” гэлээ. Нэгдүгээр орлогч эрхлэгч дуудна гэдэг надад л лав айх биш
харин ч бахархалтай санагдсан. Инээсээр /магадгүй магтуулна гэж их юм
бодсон биз/ очвол “Чи ер нь яасан пээдгэр хүн бэ, эрхлэгчдээ бичсэн
материалаа уншуулдаггүй” гэж хэлээд таг болчихов. Дахиж нэг ч үг
дуугарсангүй. Яриа дууслаа гэсэн шиг сониноо уншаад нам.
Оройжин
бодлоо. Шөнө босч хямрав. Маргааш нь бичсэн мэдээгээ бариад очвол уншиж
үзээд “Чи уг нь юм бичиж магадгүй хүүхэд байна. Хэнэггүй, залхуу байж
болохгүй. Сэтгүүлч хүн хамгийн гол нь мэдрэмжтэй, зоригтой байдаг юм
шүү. Бас хүн хүнээс илүү хүнлэг байх ёстой” гэлээ. Өнөөдрийн сэтгүүлзүйн
байж байгаа царай, нийгмийн харилцаа хандлагыг харахад ах маань их л
үнэ цэнэтэй, алсын хараатай үг хэлж байж дээ. Тухайн үед төр засаг ороо
бусгаа, дагаад нийгэм манан будантай байсан. Төр засгийн алдаатай
шийдвэрийг “Өнөөдөр” сонин эрэмгий илчлэн шүүмжилж, ард түмэнд бодит
мэдээллийг түгээхдээ хэнээс ч айж байгаагүй юм шүү! Б.Монхоо ах маань
шударга үнэний нэгэн түүчээ байлаа. Өөрөө хурц дайчин бичнэ, хүний
бичсэнийг танигдахын аргагүй редакторлоно. Шаардлага өндөр, загнаж,
зэмлэлээ ч дорхноо мартдаг өрөвч, зөөлөн зантай эрхлэгч байв.
Ах
тэнгэрийн орноо заларсан мэдээг сонсоод харуусч гуниглалаа. “Хүн
хүнээс илүү хүнлэг байх ёстой мэргэжил бол сэтгүүлч юм шүү” гэдэг үг нь
он цаг улирах бүр улам үнэ цэнэ орох ёстойг хэвлэл мэдээллийнхэндээ
сануулах минь. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
Дажсүрэнгийн Лхагвадорж