АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагдаагийн байгууллагын шинэтгэлийн тухай тусгай зарлигт мягмар гарагт гарын үсэг зурсан байна.
“Гэмт хэргийн гаралтыг бууруулах, мэргэжлийн стандартыг дээшлүүлэх нь эсрэг зорилт биш юм. Энэхүү зарлиг улс орон даяарх цагдаагийн газруудад мэргэжлийн өндөр стандарт баримтлахыг дэмжинэ” гэж Д.Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт баримт бичигт гарын үсэг зурахынхаа өмнө хэлжээ.
Мөн уг баримт бичиг нь биеийн хүч хэрэглэх стандартыг цагдаагийн ажилтнуудад сургахыг холбогдох байгууллагад уриалсан боловч цагдаагийн байгууллагын төсвийг бууруулах талаар тусгаагүй байна. Уг баримт бичиг Ардчилсан намын гишүүдийн шүүмжлэлд нэн даруй өртжээ.
“Ерөнхийлөгчийн сул зарлигт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн балмад зан үйлтэй тэмцэхэд шаардлагатай зүйлүүдийг тусгасангүй” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдсэн байна.
АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод Африк гаралтай Америк иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа дээрх зарлигийг гаргажээ.
Сенатын танхимын Бүгд найрамдах намын гишүүд цагдаагийн байгууллагын шинэтгэлийн тухай саналын багцыг боловсруулж байгаа бол Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүдийн энэ талаарх баримт бичгийн санал хураалт энэ сард болох төлөвтэй байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.