Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ. Засгийн газрын тэргүүн “Ерөнхий сайдын зүгээс нэг үүрэг даалгавар өгч байгаа. Одоо засагла гэж. Хэвлэл мэдээллээр янз бүрийн буруу ташаа ойлголтууд өгсөн, коронавирусээс улстөр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн ийм санаа бодолтой хүмүүс байгаа. Үүнийг бид мэдэрч байгаа. Энэ хүмүүст бид хариуцлага тооцох ёстой. Өөрийнх нь иргэн гадаадад мөнгөгүй, орон байргүй түгжигдчихээд байхад авчрах ёстой. Хөгшин настай эмээ өвөө, жирэмсэн эхчүүд, нялх нойтон хүүхдүүд, өвдсөн зовсон хүмүүсээ Монгол Улс татаж авах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байгаа. Гагцхүү хорио цээрийн дэглэмийн хүрээнд, авчирсан иргэдээ заасан цаг хугацааны дагуу тусгаарлах ёстой” хэмээн онцоллоо.
Д.Дорж