Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаан 10 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тус дэд хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зарим гишүүнээс гаргасан тодорхой саналыг хүлээн авч Байнгын хороо Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар санал хэллээ. Мөн хуулийн хүрээнд явуулсан үйл ажиллагаанд үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж, удаа дараа эрүүгийн хэрэг нээж байгаа асуудлыг Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрх нь зөрчигдөж буй талаар өргөдөл ирүүлэх ёстой гэдгийг сануулаад нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар тайлбар өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Нэр дэвшүүлэх тухай” саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв. Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдсон бол албан тушаалаас огцруулсанд тооцох зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд тусгасан байгаа. Өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон эсвэл бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд. Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” заасныг үндэслэн шийдвэрээ гаргасныг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаар томилсон Улсын Их Хурлын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих тул өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн. Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцууллаа. Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсхүл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байгаа дүр зураг. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд эхний удаад уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.