Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ болон Монголын ахмадын холбоо /МАхХ/-ны хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээнд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 2025 онд хэрэгжих гэрээнд Ахмад настны тухай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулах, Ахмадын тухай хуульд заасан ахмадын үйлчилгээг гэрээний үндсэн дээр ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг санхүүжүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг зөвлөх үйлчилгээнд зуучлах чиглэлээр хамтарч ажиллах зэрэг томоохон арга хэмжээнүүд тусгагджээ.
Гэрээг үзэглэх үеэр сайд Л.Энх-Амгалан энэхүү хууль зөвхөн ахмад настнуудад бус бүх нийтэд хамаатай учраас сурталчлан, таниулах, хэрэгжүүлэх асуудал нэн чухлыг онцлов. МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийг баталгааг хангахад чухал үүрэгтэй уг хуулийг хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах явдал хамгийн чухлыг тэмдэглээд ГБХНХЯ, ахмадын байгууллагуудын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Д.Лхагва