Зургаан хүн угаартаж нас барсан нэн харамсалтай хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хайртай ээжийгээ, дүү нараа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье! Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ! Дахин эмгэнэл илэрхийлье. Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна. 50 000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна. 32 гишүүн бүрдүүлж Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг лавшруулж, түр хороо байгуулж, өнгөцхөн илээд өнгөрсөн утааны цаадах асуудлуудад илүү гүн орж ажиллахыг дэмжиж, уриалж байна. Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж ард иргэд маань зуух, галлагаа, яндан гэх мэт хувь хүнээс шалтгаалах зүйлст хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье! О.Одбаяр дүүгийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон ослыг хуулийн байгуулллага үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдлээ.