Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2025.01.29) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр нар оролцов.
Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ. Мөн Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын нийт есөн мэдээлэл, тайланг сонсож, нийт зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдээллээ. Тэрбээр аж үйлдвэрлэгч нар, өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, Монголын бизнес эрхлэгч нарт тулгамдаж байгаа асуудлуудыг яаж шийдэх, ямар гарц гаргалгаа өгөх талаар Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг даалгавар өгч ажиллаж байна гээд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Ерөнхий сайдад хандан тавьсан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн тухай асуултын хариу, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Д.Батбаяр, Б.Уянга, М.Бадамсүрэн нарын гаргасан саналын дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн горим, технологи, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, эдгээр асуудлуудаар Байнгын хорооны ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна гэлээ. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн асуудлаарх ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахлан ажиллаж байгаа ажээ.
Ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, дээрх асуудлууд, бодит байдал, тулгамдаж буй бэрхшээлийг судалж ажилласны үндсэн дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы 2025 оны хаврын чуулганд тайлагнах аж. Цаашид Байнгын хороо аж үйлджилтийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой аливаа мэдээллий ил тод, нээлттэй болгох, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэх, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хүрээнд олгож буй үйлдвэрлэл, бизнесийн дэмжлэг, татаасыг хэрхэн авах, ямар шат дамжлага, дүрэм журам үйлчилж байгааг мэдээлж, зөвлөх талаар эрчимтэй ажиллана гэж Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцоллоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа намрын чуулганы хугацаанд Байнгын хорооны баримталсан нэг гол байр суурь бол аж үйлдвэрлэлийн салбарыг дотор нь өмчийн хэлбэрээр нь ялгавартай хандаж болохгүй гэсэн зарчим байсныг онцлоод, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн эрх зүйн орчныг авч үзэж буйтай зэрэгцүүлэн бусад үйлдвэрлэгчдийн тухай, тодруулбал, хүнд, хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод байгаа тухай танилцуулав. Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон төрийн өмчит компанийн удирдлагууд хариуцлагын даатгал хийлгэсэн тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр төрийн өмчит компаниудын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зохицуулалтыг хуульчлах гэж байгаа бол гүйцэтгэх удирдлагын хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг зайлшгүй холбох ёстой гээд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ТУЗ-өөс гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээнд хариуцлагын даатгал хийлгэх тухай асуудал тусгагддаггүй гэсэн хариултыг жишээ болгон өгөв.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн нэмэлт санхүүжилтийн гэрээг соёрхон батлахтай холбогдуулан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос баталсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр танилцууллаа. Тэрбээр, энэ төрлийн асуудлуудад гэрээгээ Улсын Их Хурлаар батлуулчихаад алга болдог, үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгаа нь мэдэгддэггүй учир хэрэгжиж эхлээд долоон жил болж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах төслийн явцыг ил тод мэдээл байх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн гэсэн юм. Уг тогтоолд, төслийн ажлын гүйцэтгэлд Монгол Улсын төлөөллийг оролцуулах, бүтээн байгуулалтыг батлагдсан төсөв, хугацаанд нь багтаах, явцыг тогтмол мэдээлж байх, хэрэгжилт хангалтгүй болон алдаа гарах тохиолдолд холбгдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байх, түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, 2020 оноос хойших үйл ажиллагааны аудитын дүгнэлтийг гаргуулж Улсын Их Хуралаар хэлэлцүүлэх зэрэг зургаан асуудлыг тодорхой тусгажээ. Энэ асуудалд анхаарлаа хандуулж Байнгын хороотой хамт хянаж ажилахыг тэрбээр сэтгүүлчдээс хүслээ. Үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид 11 рөлийг татварын хөнгөлөлт үзүүлэхээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан боловч Татварын багц хуульд тусгаагүйгээс хэрэгжилт хангалтгүй байгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулж, ажлын хэсэг эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгааг мэдээлэв. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн нэмэлт санхүүжилтийн гэрээг соёрхон батлах асуудлыг яаалтай горимоор, ТЭЗҮ болон холбогдох мэдээллийг нууцад авсан нөхцөл байдалд буюу хүнд нөхцөлд хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дурдаад, цаашид Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр, төслүүдтэй холбоотой мэдээлэл нээлттэй, ил тод байхад Байнгын хороо анхаарал хандуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана гэв. Мөн Байнгын хорооны дарга С.Ганбаатар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахтай, түүний санхүүжилттэй холбоотой мэдээллүүдийг нууцаас гаргах шаардлагатайг тэмдэглэж, “Орано майнинг” компанитай гэрээ байгуулах зэрэг аж үйлдвэржилттэй холбоотой асуудлуудыг өөр Байнгын хороодод хуваарилах явдал их байгааг шүүмжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.