Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, эл салбарын мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо.
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, тус ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, П.Ганзориг, Б.Заяабал, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгааг дурдаад ажлын хэсэг татварын хуулиудын хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, зөрчилд иргэн, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын саналыг сонсох замаар хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих боломжгүй хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах замаар татварын таатай орчныг бий болгох зорилготой ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн татварын багц хуулиудын шинэчилсэн найруулга 2020 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгаар татварын хялбаршуулсан тогтолцоог бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч татварын харилцааг нарийвчлан тогтоож, татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчим, албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага, албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрмийн шинэчилэл болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг боловсронгуй болгосон зэрэг бодлогын шинжтэй асуудлыг хуульчилж, татварын орчинд тодорхой эерэг үзүүлэлт, дүн гарсан хэдий ч хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчид таатай бус, дарамт ихтэй, үр дүнгүй байгаа талаар холбогдох судалгаа болон иргэн, аж ахуй нэгжээс гаргаж буй санал, гомдлыг ирүүлсээр байгааг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан татварын хуулиудын хэрэгжилтэд гарч буй алдаа зөрчил, сайжруулах асуудалд үнэтэй санал, асуудлыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Татварын ерөнхий газрын орлогч дарга Р.Мягмаржав, Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин нар тус тус танилцуулга хийв. Тухайлбал, Р.Мягмаржав дарга танилцуулгадаа, 1992 оноос татварын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн өөрчлөлт бүрд татварын хувь, хэмжээ борлуулалтын орлого, татвар ногдуулах орлогынхоо түвшнээс хамаараад нэлээдгүй өөрчлөлтүүд орж ирснийг дурдаад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар олон улсын дундаж татвар хувь, хэмжээ 21.2 хувьтай байдаг. Нийтлэг хувь, хэмжээгээрээ олон улсад 20-25 хувьтай байна. Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хялбаршуулсан буюу 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд ямар нэгэн зардал хасахгүйгээр борлуулалтын орлогоосоо 1 хувийн татвар төлж байна. Харин 3-6 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниуд 10 хувь, 6 тэрбум төгрөөс дээш орлогын дүнд 25 хувийн татвар төлж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Харин Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин, 2023 оны байдлаар бизнес эрхлэгчдийн хүрээнд 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийхэд нийт төлж байгаа бүх татварын хувьд дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж орлогынхоо ийм хувийг татварт төлж байна гэсэн үг. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалалтай байна гэв. Мөн салбараар нь авч үзвэл уул уурхай 19.2, худалдаа буюу нийт аж ахуйн нэгжүүдийн 36.4 хувь нь 7.3 хувь, хүнс, хөдөө аж ахуй 4.3, барилга 5.3, цахилгаан эрчим хүчний салбар 4.3 хувийн тус тус татварын ачаалалтай байгааг танилцуулгада онцолсон. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар танилцуулаад цаашид авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд Сангийн яам цахимаар нээлттэйгээр олон нийтээс авч буй саналын талаар танилцуулав.
Дараа нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Алтанзаяа “Татварын шинэчлэлийн олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, татвар гэдэг төр засгийн зүгээс үзүүлж байгаа үйлчилгээний үнэ гээд нөгөөтээгүүр, татвар нь тусгаар улсын бүрэн эрхийн баталгаа гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн өнөөдөр дэлхийн нийтэд татварт хандах хандлага нь нийгмийн хувьд ёс суртахууны асуудал болж төлөвшиж байгааг тодотгоод татварын хуулийг дагаж мөрдөх гэдэг хариуцлага буюу уламжлалт загвараасаа илүүтэй сайн дураар дагаж мөрдөх хандлага руу чиглэж байна гэлээ.
Түүнчлэн татварын сайн засаглал, татварын шинэчлэлийн талаар хөндөж ярив. Тухайлбал, татварын баазыг өргөжүүлэх, хувь хэмжээг бууруулах нь шинэчлэлийн гол ойлголт. Татварын шинэчлэлийн алтан стандарт буюу улс орон болгон өөрийн онцлогт тохируулан бааз сууриа хэрхэн өргөжүүлэх, хувь хэмжээ нь ямар байх вэ гэдэгт олон янзын шийдлүүдийг гаргадаг. Гэвч татварын бааз суурийг хумьдаг гол асуудал нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн зохицуулалт байдаг тул олон улсын хэмжээнд тэдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах хандлагатай болсныг илтгэлдээ онцолж байв. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 22.9 дэх хэсгийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтын талаар тодруулахын зэрэгцээ татварын багц хууль хэрэгжсэнээс хойш татварын орлого хэрхэн, яаж нэмэгдсэн, цаашид бодлогын ямар шинэчилэл хийх вэ гэдэгт төрийн байгууллагуудын танилцуулгад дурдагдаагүйд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Мөн татварын шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулахад зайлшгүй тусгах, анхаарах асуудалд саналаа хэлсэн юм. Тухайлбал, татварын шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн бодлогоо бизнесийг дэмжих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх тэлэхэд чиглүүлэх, ажиллах хүчний хомстолын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хүний нөөцийг асуудалд анхаарах, татварын тэгш, шударга зарчмыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн татварын хууль тогтоомжид даатгалын салбартай холбоотой зайлшгүй шинэчлэх шаардлагатай зохицуулалтууд байдаг тул эл салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилэх, одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд жижиг татвар төлөгчид орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, татвар төлдөггүй иргэдийг илүүтэй хамруулахад оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байгаа. Үүгээр хэлэлцүүлэг түр завсарлав. Үдээс хойших хэлэлцүүлэг жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг оролцуулан үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Татварын ерөнхий газрын орлогч дарга Р.Мягмаржав, Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин нар тус тус танилцуулга хийж, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Г.Алтанзаяагийн “Татварын шинэчлэлийн олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлгийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийн саналыг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.