Японы Осака хот энэ онд болох Дэлхийн экспог угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд өнөөдрөөс эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хоригложээ.
Экспо бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно.
“Дэлхийн экспо дөрөвдүгээр сард эхэлнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг халуун дотноор угтан авахыг хүсэж байна. Тиймээс бид Осакаг утаагүй гудамжтай, аюулгүй мэдрэмж төрүүлдэг хот болгохыг эрмэлзэж байна” гэж хотын дарга Хидэюки Ёкояма нэгдүгээр сарын эхээр мэдэгджээ. Өмнө нь төмөр замын Осака буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглоод байсан бол өнөөдрөөс хот даяар бүхэлд нь хориглож эхэлсэн бөгөөд уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 1000 иен буюу 6.40 ам.доллараар торгоно.
Орон нутгийн зохицуулалтуудаар дамжуулан Японы ихэнх газарт алхаж явахдаа тамхи татахыг хэдийн хориглосон байдаг боловч орон даяар хатуу хуулийг хэрэгжүүлэхэд зарим хууль тогтоогчийн эсэргүүцэл саад болж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн Осака мужид 30 хав.дөр.м-ээс том талбайтай суух хэсэг бүхий хоолны газруудад тамхи татахыг хориглох боловч тамхи татах өрөө гэх мэт тусгай газарт татахыг зөвшөөрөх юм. Одоогоор мөрдөгдөж буй хуулиудын дагуу 100 хав.дөр.м-ээс дээш талбай бүхий хоолны газартай байгууллагуудад тамхи татахыг хориглодог байна.
Одоогоор Экспо-2025-ын тасалбарын борлуулалт удаашралтай, барилгын төсөвтэй холбоотой асуудалд олон нийт санаа зовниж байна. Нэгдүгээр сарын эхэн үеий байдлаар, зургаан сарын турш үргэлжлэх уг арга хэмжээний 7.5 сая тасалбар зарагдсан нь борлуулахаар төлөвлөсөн хэмжээний тал хувьтай тэнцжээ.
Нийслэл Токио хотын хувьд Олимпод бэлтгэх ажлын хүрээнд 2018 онд бүх зоогийн газарт тамхи татахыг хориглосон юм. Гэхдээ Токиогийн зарим дүүрэгт гадаа тамхи татахыг зөвшөөрсөн хэвээр байна. Японы төв болон орон нутгийн засаг захиргаад тамхины татвараас жилд нийтдээ хоёр их наяд иен буюу 13 тэрбум ам.долларын орлого олдог байна.
Засгийн газар мөн дэлхийн гурав дахь том тамхины компани болох “Japan Tobacco”-гийн хувьцааны гуравны нэгийг эзэмшдэг. Япон улс дахь тамхины хэрэглээ дэлхий нийтийн чиг хандлагын дагуу буурч, 2023 онд тамхи татдаг хүмүүсийн эзлэх хувь 15.7 болж буурчээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.