Цагаан сар буюу сар шинийн баяраар 7-10 хоног амардаг болох тухай саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гаргаад байгаа.
Энэ нь олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Нийгмийн сүлжээнд дэх иргэдийн байр суурийг харвал дээрх санал нийгэмд төдийлөн дэмжигдэхгүй байгаа бололтой. Бид иргэдийн төлөөллөөс үзэл бодлыг нь сонслоо.
-Цагаан сарын баяр бол нүсэр баяр. Энэ утгаар нь харвал олон хоног амраад байх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа настай хүмүүст санхүүгийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч таатай нөлөө үзүүлэхгүй байх. (СХД-ийн өндөр настан Ж.Бавуу)
-Манай улсын эдийн засаг амарч зугаалаад байхаар тийм их сайжирчихсан юм уу? Үгүй шүү дээ. Олон хоног амрахаар улсын ч, хувийн ч байгууллагуудын ажил цалгардана гэж бодож байна. Төрийн үйлчилгээ авах хүмүүсийн хувьд хэцүү л дээ. (БЗД-ийн иргэн Солонго)
-Мартын 8, Бурхан багшийн дүйцэн өдөр зэрэг олон амралтын өдрөө хасаад үндэсний баяраараа олон хоног амрах нь зөв гэж ярих хүмүүс байх шиг байна. Уг нь байж болох л хувилбар. Гэхдээ баярын хоногууд урт байх тусам архидалт, гэмт хэрэг ихэснэ гэж бодож байна. Хий дэмий айл хэссэн, архи эргүүлж, айл хүндрүүлсэн үзэгдэл нэмэгдэнэ дээ. Бас ханиад томуу ч гаарна. (БЗД. Х.Баатар)
-Энэ олон дураараа хүмүүс хөдөө гарч давхиад өөртөө ч, улсад ч гай болох вий гэж санаа зовох юм. Цас ихтэй, цасан шуургатай үед хээр хөдөө яваад дэмий. Ер нь осол аваар их гардаг шүү дээ. (Говь-Алтай. Баян-Уул сум. У.Баяраа)
Д.Дорж