Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн хэргийг Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 15-нд тус газар Ерөнхийлөгчийг хоёр дахь удаагийн оролдлогоор баривчилж, байцаалт явуулж эхлэхэд Юн Сог Ёль мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Нэгдүгээр сарын 19-нд түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг шүүх гаргасны дараа дахин байцаах гэж хэдэнтээ оролдсон боловч амжилтгүй болсон байна.
Тус газраас бослого үймээн дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах хүсэлтийг прокурорт тавьжээ. Авлигатай тэмцэх газар яллах эрхгүй боловч сэжиглэх үндэслэлийг шалгаж болно. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тус байгууллагыг бослого үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр сэжигтнийг шалгах эрхгүй гэж мэдэгджээ.
Юн Сог Ёлийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх гэж байсан, гэхдээ төлөвлөснөөс эрт шилжүүлсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийг цагдан хорьсны дараа Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар 10 орчим хоногийн хугацаанд байцаалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.