АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад Азийн орнуудын удирдагчид баяр хүргэж байна.
“Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн ирээдүй Трампын хүчирхэг удирдлага дор “улам бүр хүчирхэгжих болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чинтэ мэдэгдэхдээ, хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан Тайвань-АНУ-ын урт удаан хугацааны хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлын тулгын чулуу хэвээр байна гэдэгт итгэлтэй байна гэжээ хэмээн МОНЦАМЭ мэдээллээ.