Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар өнөөдөр /2024.11.06/ Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон.
Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэв.
Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсон гэв. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэв. Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой гэлээ.
Тус танилцуулгад олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа талаар дурдсан байв.
Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэж байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, малчдын амьжирааны эх үүсвэр болсон малыг эрүүлжүүлэх, улмаар мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх, эл салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Байнгын хороо болон гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Мал эмнэлгийн салбарын боловсон хүчин, техник технологийн чадамж боломжийн түвшинд байгаа ч малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээг цаг тухайд нь хийж, салбарын үйл ажиллагааг жигдрүүлж чадвал махны экспортыг нэмэгдүүлж, малчдын орлого ч сайжирна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега том төслийн 15 дахийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж болно. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар салбарын хэтийн төлөвийг том зургаар харж, бодитой бодлого боловсруулж, түүнд шаардлагатай санхүүжилтийн төсвийн саналаа 2026 оны төсвийг хэлэлцэхээс өмнө Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.