Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага-Үндэсний итгэмжлэлийн төвийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тус байгууллага ойгоо тохиолдуулж төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд бусдын амь насыг аврах хамгийн бодитой буянт үйлс болох “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусаа бэлэглэх өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 21-нд ЦССҮТ-д амжилттай зохион байгууллаа.
“Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын эгнээг өргөжүүлэх, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулах, тэднийг олон нийтэд сурталчлах ариун үйлсийг алдаршуулах зорилгоор “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аяныг зохион байгуулахаар шийдэж, өнөөдөр бодит ажил болголоо. Нэг хүний хандивласан цус гурван хүний амь насыг авардаг гэсэн судалгаа байдаг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бага гэлтгүй чин сэтгэлээсээ хандивласан багахан хэмжээний цус ямар үнэ цэнэтэйг ухамсарлаж, бусдадаа амьдрал бэлэглэж дээрх аянд нэгдэхийг уриалж байна” хэмээн Үндэсний итгэмжлэлийн төвийн хамт олон уриаллаа.
Улмаар уриалгыг хүлээн авч хамтран ажилласан Онцгой Байдлын 179 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, “Арвайн үндэс ХХК”, “Бест кап” ХХК, Технологийн дээд сургууль, “Монос Хүнс” ХХК зэрэг тохирлын үнэлгээний байгууллагууддаа болон аяныг дэмжин хамтран зохион байгуулсан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлсэн юм.
Энэ дашрамд дурдахад Олон улсын ISO стандартын 3 төрлийг хангаж, тогтвортой хэрэгжүүлж байгаа ЦССҮТ-ийн хамт олонд Үндэсний итгэмжлэлийн төвийн талархалын БАТЛАМЖ гардууллаа.
Д.Лхагва