Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Төслийн танилцуулгад, Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна гэж дурдсан байлаа.
Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж танилцуулгад дурджээ.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:
Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.
Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.
Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан. Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна.
Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэж төсөл санаачлагчид үзжээ.
Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, өргөн барьсан төсөлд бидний өнгөрсөн удаад өгсөн тооцоолол, нөхцөл байдалтай төдийлөн нийцэхгүй байгаа зарим үзүүлэлтүүд байгааг онцолсон. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, нүүрсний экспортыг 2024 онд 78 саяд хүргэнэ гэсэн нь нэлээн өөдрөг төсөөлөл болжээ. Дэлхийн эдийн засгийн болон бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Бидний авсан судалгаа, тооцоолол, мэдээллээс үзэх юм бол Хятад улсын нийт нүүрсний экспорт 2023 онд 474 сая тонн, үүнээс коксжих нүүрс нь 103 сая тонн байгаа. Коксжих нүүрсний хэрэглээ цаашдаа өсөх эсэхийг судлахаар төдийлөн өсөх хандлага харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний одоо нийлүүлж байгаа 70 орчим сая тонн нүүрс цаашдаа өсөх орон зай бага байна. Нөгөө талаар, Монгол Улстай ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Австрали улс ирэх онуудад нүүрсний экспортоо 20-25 сая тонн, ОХУ мөн 20 сая тонн коксжих нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлэх дэд бүтцийн нөхцөл бүрдсэн байна. Монгол Улсын нийлүүлж зах зээл нь БНХАУ-ын ӨМӨЗО тул уг асуудлыг анхааралтай судалж үзэх нь зүйтэй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн алдагдлын хязгаар хуульд нийцсэн төдийгүй төсвийн дотоодны нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ зохистой түвшинд байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.