Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй байгаа, ядуурал ихсэж, ажлын байр олдохгүй байгаа зэрэг асуудлуудын уг үндэс нь баялгийн тэгш бус хуваарилалтад бий. 2011 оноос хойш Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 10 тэрбум ам.доллараас дээш байжээ. Хямралтай гэгдсэн сүүлийн дөрвөн жилд ч 11 тэрбум доллараас буусангүй. Гэтэл ядуурал 37 хувьд хүрч, ядуу өрхийн тоо 250 мянга гэж бүртгэгджээ. Малын тоо өссөн, улсын нийт орлого ч буураагүй гэтэл хүн амын гуравны нэг нь ядуу тарчиг амьдарч байдаг. Энэ юуг илэрхийлж байна гэхээр баялгаас олж байгаа орлого нийтэд хүртээмжгүй байна. Мөнгө хаашаа оров? Нийтэд хүртээлтэй байж чадсан уу? зэрэг асуултуудад ямар ч хариулт алга’ хэмээн онцоллоо.
Мөн “Хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн хоёр хувь нь нийт хадгаламжийн 96 хувийг эзэмшиж байна гэдэг хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байгааг л илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Нийгмийг чирч явдаг, баялгийг бүтээдэг, тогтвортой байдлыг хангадаг дундаж давхаргын хэмжээ, нөлөөлөл огт байхгүйтэй адил болсон байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгд газрын баялаг нь нийт ард түмний өмч гээд заачихсан байдаг. Энэ заалтыг Монголын төр хэрэгжүүлэх юм уу үгүй юу? Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх аваас ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэх нь биелшгүй хүнд зорилт биш байх юм. Ард түмнээс сонгогдож, үнэмлэхүй эрх мэдлийг олж авсан олонхийн бүлгийн 65 гишүүн та бүхнийг энэ чиглэлээр дорвитой шийдвэр гаргах болов уу гээд сонгогчид чинь найдаж, хүлээсээр сууна. Та бүхний сонгогдсон дөрвөн жилийн бараг тал нь өнгөрлөө’ хэмээн анхааруулав.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улс төржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна’ гэсэн юм.