1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, УИХ-ын анхны сонгууль болсон үеийг эргэн нэг саная. Намууд дандаа шилдэг гэсэн боловсон хүчнийг бодлогоор шилж сонгон нэр дэвшүүлж байлаа. Ялангуяа МАН УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүсээ нэлээд нарийн шалгуураар тодруулсан байдаг. Харин ардчилсан хүчний хувьд цагаан морин жилийн хувьсгалд оройлон оролцсон, удирдаж манлайлсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм.
Ард түмэн ч байнгын ажиллагаатай парламент гэдэг бол хамгийн боловсролтой, хамгийн мэдлэгтэй, хамгийн туршлагатай, хамгийн ёс зүйтэй хүмүүс л орж ажиллах ёстой байгууллага гэсэн ойлголттой байлаа. Уг нь үндсэн агуулга, зарчим нь тийм юм. Гэвч цааш цаашдаа байдал өөрөөр эргэсэн.
Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр боловсролтой нь гэхээсээ хамгийн мөнгөтэй нь УИХ-д нэр дэвшдэг болж хувирсан билээ. Ямар нэгэн аргаар хөрөнгө бэлтэй болсон хүмүүс томоохон намуудад мөнгө хаяад л нэр дэвших мандатаа авдаг болсон юм. Нэг ёсондоо тойрогт нэр дэвших эрхээ худалдаж авдаг жишиг эрээ цээргүй тогтсон гэсэн үг. Үр дагаварт нь мөнгөтэй хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагын өндөр суудлыг бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх, ашиг сонирхолоо хамгаалах, эдийн засаг, санхүүгийн цар хүрээгээ тэлэх, нөлөөгөө өргөтгөх боломж болгон ашиглах болсон. Улмаар улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлох, улсын хөгжлийг олон жилээр харж төлөвлөж чадах хэмжээний чадвартай, сэтгэлтэй хүмүүст УИХ хэзээ ч санаархах газар биш болж хувирсан.
Уг нь хурдан хөгжсөн улсуудын туршлагааас харвал хамгийн өндөр боловсролтой, оюуны чадавхтай хүмүүс дээрээ л тулгуурлаж хөгжсөн байдаг. Тэдэнд шийдвэр гаргах эрх мэдэл олгосон нь үр дүнгээ өгсөн гэсэн үг.
Богино хугацаанд хөгжлийн өндөрлөгт хүрсэн орны нэг бол Сингапур. Дандаа дэлхийн нэртэй их сургуульд амжилттай суралцсан шилдэг экспертүүдийг төрийн дээд албан тушаалд томилсон. Тэгээд урагшилсан, хөгжсөн дэвжсэн. Одоо ч тэр зарчим нь үйлчилж байна.
Манайд ихэвчлэн ардаа томоохон бизнестэй, эсвэл улстөр, бизнесийн төлөөлөл болсон хүмүүс л УИХ-д нэр дэвшиж байна. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаалж ажиллахаа нэгдүгээрт тавина шүү дээ. Өөрчлөлт буруу жишгээ зоригтойхон халахаас л эхэлнэ.
Д.Лхагвадорж