Нэгдүгээр ангийн багш Б.Чимэгмаа орж ирлээ. “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?” хэмээн нүдээрээ инээмсэглэн өгүүлэв. “Сайн, сайн байна уу та” гэж хөвгүүд, охид яг ижил дуугаар, ижил хэмнэлээр мэндчилэв.
Багш А үсгийг самбар дээр бичнэ. Хүүхдүүд чимээгүйхэн багшийнхаа гарын хөдөлгөөнийг харна. Гэхдээ энэ бол 1 дүгээр ангийн анхны хичээл биш, 12 дугаар анги төгсөгчдийн Дурсамж хичээл.
“За одоо дууриагаад дэвтэр дээрээ А үсгээ бичээрэй” гэж багш хэлэв. Хүүхэд бүр хичээнгүйлэн бичнэ. Хэдийгээр 12 дугаар ангиа төгсч байгаа ч гэлээ хүүхдийн гэнэн цайлган, хиргүй тунгалаг, үнэнч зан нь үлдсэн ажээ.
Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн Эрдмийн баярын өдөр 12.В ангид түр саатах мөчид ийм бодол өөрийн эрхгүй төрсөн юм.
“Би хоёрдахь удаагаа 12 дугаар анги төгсгөж байна. Эрдмийн баярын өдөр хүүхдүүд минь ээж, аавтайгаа, бас ах, эгч, дүүгээ хүртэл дагуулж ирэн бөөн баяр хөөр болж байна. Сурагчид маань тэвэрч зогсоо цэцэгс шигээ харагдаж байна. Эдний минь бодол оюун, сэтгэл зүрх нь ч гэсэн цэцэг шиг ариуханаараа байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй нүдний нулимс гарч зогслоо. Удахгүй шавь нар минь ЭЕШ-аа өгнө. Шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсээд улс эх орнынхоо хөгжлийг түүчээлсэн мундаг мэргэжилтнүүд болно гэдэгт багш нь итгэлтэй байна. Шавь нартаа амжилт хүсье” гэж анги удирдсан багш М.Заяа сэтгэгдлээ хэлэв. Эрдмийн их өргөөнөөс гарахад бяцхан хөвгүүд, охидын цангинасан инээд хөөр хонх шиг жингэнсээр үлдлээ…
Д.Лхагвадорж