Ж.Батзандан АН-д элсэж, нэр дэвшихээр болсон бололтой юм. Тэрбээр 2004 оны үед О.Магнайтай хамтран “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж хэсэг бужигнуулсан билээ. Монголын төрийг авлигаас цэвэрлэх, авлигачдыг улстөрөөс үлдэн хөөх зорилготой л доо. Өнгөт хувьсгалыг санагдуулам шар тууз хүзүүндээ ороож, мөн ч их жагсаал цуглаан хийсэн дээ. Цаана нь хэн гэдэг улстөрч турхираад байгаа талаар тухайн үед хэвлэлүүд бичиж л байсан.
Харин 2007 онд Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, даргаар нь сонгогдсон ч 2008 оны сонгуулийн дараа АН-д элсэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж “Ж.Батзандан, О.Магнай шиг залуус манай намд хэрэгтэй” гэж олзуурхаад дуртай нь аргагүй элсүүлсэн юм. 2008 оны сонгуулийн дараа үүссэн их үймээн самуунд Ж.Батзандан холбогдсон учир ганц аврал нь АН-д элсэх байлаа.
Ж.Батзандан ч АН-ыг бараадсаныхаа хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдоод авсан. Харин 2018 онд Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Лу.Болд нартай нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг шударга ёсны жагсаалыг зохион байгуулж, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгаж дөнгөсөн.
МАНАН бүлэглэлийн схемд Ц.Элбэгдорж болон АН-ын нэр холбогдоод ирсэн учир тэр 2019 онд намаа жийгээд Лу.Болдын хамт “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нам /ШИНЭ нам/ гэгчийг байгуулж, өөрөө даргаар нь сонгогдов. Тухайн үед Ж.Батзандан “Монголд шударга ёсыг тогтоож чадах цоо шинэ хүчин хэрэгтэй байна. Монголыг өмөөрөх улс төрийн хүчин Монголд хэрэгтэй байна. Монгол төрийн эрх мэдлийг монголчуудад биш гаднынханд барьж байна. МАНАН бүлэглэл Монгол төрийг зөв замаар удирдаж чадахгүй болж байна гэдгийг бид харж байна. Хүчирхэг дундаж давхарга байхгүй, иргэдийн 80 хувь нь ядуу байна гэсэн судалгаа байна. Монголын ардчилал ийм үр дүнг авчирлаа. Хэдхэн гэр бүл баяжиж байна. Монголын эрх мэдлийг МАНАН-гийн мафи барьж байна. Тиймээс Л.Болд гишүүн бид хоёр шинэ улс төрийн хүчин байгуулсан гэдгээ зарлаж байна. АН-аас хөөгдсөнөө би бурхны тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна. Нам үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулах бөгөөд энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлах юм байна. Монгол төрийг МАНАН, мафийн бүлэглэлээс салгаж чадах улс төрийн хүчнийг байгуулж байна” хэмээн мэдэгдэж байв.
Тэр ч бүү хэл 2019 оны 12 дугаар сарын 4-нд С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өмгөөлж “Өнөөдөр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гэх мэт Монголын хамгийн том хулгайч, луйварчид зугатаж гараад далайн эрэг дээр амарч байна. Ардын хүүхдүүд шоронд тамлагдаж ясаа цайтал сууж байна. Үүнийг Шинэ нам хүлээн зөвшөөрөхгүй. ШИНЭ нам ардын хүүхдүүдийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэхээр байгуулагдсан нам юм. Монголын төр ард түмэндээ дэндүү ялгавартай хандаж байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг зориуд зугатаалгасан. Хэрвээ 12 сардаа багтааж энэ хүмүүсийг суллахгүй бол Шинэ намаас бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн нэн сүртэй мэдэгдэж байлаа. Нэг ёсондоо Ц.Элбэгдорж хэмээх “хайрт ахаасаа” болон АН-аас нүүр буруулж байгаагаа албан ёсоор зарласан гэсэн үг.
Харин өнөөдөр тэрбээр ШИНЭ намаасаа гарч эргээд АН-д орж, нэр дэвшихээр болжээ. Хаягдсан намынхан нь “МАНАН-гаас салая гэж тэмцэж байсан хүн эргээд тийшээ явлаа” гээд алга ташин үлдэв.
АН хуучин лидерүүдээсээ салж чадсан гэж үү? МАНАН бүлэглэл гэдэг ухагдахуун АН-д хамаарахгүй болтлоо тус нам цэвэршиж чадлаа гэж үү? Ж.Батзандангийн хувьд МАНАН сарниад алга болчихсон уу? Эсвэл байсаар байна уу? Хэрвээ тийм бол мань хүн АН-д элсэх ямар хэрэг байв? Ямар ч байсан Ц.Элбэгдоржийн оролцоо тус намд байсаар байгаа нь Ж.Батзандангийн шийдлээс харагдав бололтой. Гэхдээ “хувьсгалч” эр маань АН-ыг яаж бужигнуулахаа мэдэх биз ээ.
Д.Лхагва