УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс удахгүй тодорно. Намуудын хувьд энэ бол нэг талаас шүдний өвчин. Учир нь тухайн намын дарга дангаараа шийддэг асуудал биш учраас тэр л дээ. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчдийг тус намын Бага хурал хэлэлцэн тодруулж, батламжилдаг. АН-ын хувьд Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулдаг.
2020 оны сонгуулийн хувьд АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа энд тэндгүй бөөн хэл ам, гомдол тунирхал өрнөж билээ. Тухайлбал, АН-ын залуу зүтгэлтнүүдийн нэг М.Тулгат “Нэр дэвшихээр 4 жил бэлдэж, 100 сая төгрөгөө хандивласан ч мандатаа авч чадсангүй. Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай. Улс төрийн дэмжлэг ч гэх шиг иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой. Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад бараг тэрбумыг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан” хэмээн уур хилэнгээ барьж ядан дарга нартаа цахим сүлжээгээр агсам тавьж байсан юм. Ийм үзэгдэл АН-ын хувьд энэ удаагийн сонгуулиар ч давтагдах нь илт байна.
Л.Гантөмөрийн эсрэг байнга мэдэгдэл хийж, огцруулахыг уриалдаг АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар ч жагсаалтад орно хэмээн дарга нартаа шахалт үзүүлж буй сурагтай. Эмэгтэй гишүүдээс нь ч элийрэгч хэмээх Ц.Уянга Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалангийн өмнүүр орж жагсаалтад дээгүүр орохын төлөө улайрч байгаа гэнэ.
Х.Баттулга ч өөрийнхөө хүмүүсээс аль болох олон хүнийг жагсаалтад оруулах хор найруулж яваа гэсэн. Удахгүй нэр дэвшигчид тодорно. Баахан гомдож, шархасан хүмүүс нам руугаа “гал нээх”нь тодорхой.
Д.Лхагва