Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гэхдээ эмийн зах зээлийг атгасан хүмүүс дээрх үйл ажиллагааг эсэргүүцэж, хяналт шалгалт хийсэн УИХ-ын гишүүдэд дарамт шахалт үзүүлж байгаа гэнэ.
Тухайбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд заналхийлсэн мессеж ирэх болжээ. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн “Манай хянан шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байна. Хуультай, хуулийнхаа хүрээнд хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг хооронд нь уяж үзэж байна. Энд 41 нэгж байгууллага, дээр нь хамаарал бүхий этгээд 9654 хүмүүсийг 20221 аж ахуйн нэгжтэй нь хамаарал бүхий мөн эсэхийг судаллаа. Надад зарим нэг мессеж ирж байна. “Хүнийг гүжирдлээ. Чамайг шүүхэд өгнө. Чи муу яасан том юм бэ” гэх зэргээр мессеж гар утсанд ирж байна. Бид үүнээс айж, ичих зүйл байхгүй. Харин энэ гаргасан хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой гэсэн мэдээллээ хууль хүчний байгууллагад өгч, цаашид нягталж үнэн бодитой байдлыг нь тодорхойлуулна. Өнөөдөр бидний хийж байгаа зүйл бол “Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн” гэдгийг үзэх, цаг хугацаа, боломж нь хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбарт ийм аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгдмэл ашиг сонирхол байна гэдэг нь ноцтой зүйл юм. Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн мэдээллийг манай Түр хорооноос албан ёсоор хууль, хяналтын байгууллагад шилжүүлж байна” хэмээсэн юм. Ямартаа ч дээрх сонсгол эмийн мафигийн эмзэг цэг дээр хатгачихав бололтой.
Д.Лхагва