“Цусны аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-2024 ЦССҮТ дээр болж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цусны 26 салбар төвийн төлөөлөл (нийслэл ба 21 аймгийн) оролцож буй уг Үндэсний зөвлөгөөн цахим болон танхимын хэлбэрээр хоёр өдөр үргэлжлэх юм. Хурлын завсарлагаанаар Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч, хүний их эмч Ж.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Та хэд дэх жилдээ цусны албанд ажиллаж байна вэ?
-2012 оноос хойш Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Энэ зөвлөгөөнд бага эмч А.Алимаагийн хамт хүрэлцэн ирлээ.
–Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Жилд нэг удаа салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзаж, бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж, энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж, туршлага солилцох боломж олгож байгаа нь энэхүү зөвлөгөөний онцлог юм.
–Тухайлбал, та бусад аймгийн Цусны албаны үйл ажиллагаанаас ямар давуу талыг олж харав?
-Зарим аймгийн Цусны алба донорын сурталчилгаа, донор алдаршуулах чиглэлд илүү ажил зохиож байгааг олж мэдлээ. Мөн цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулдаг аймгууд ч байна. Энэ мэтчилэн өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлог давуу талаа бусадтайгаа хуваалцаж байгаа нь ач холбогдолтой юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн цусны алба нь чанарын бодлогод, чанарын үзүүлэлт дээр илүү төвлөрч ажилладаг юм байна. Нэг нэгнээсээ олон сайхан туршлага олж авлаа.
–Хэнтий аймгийн Цусны салбар төвийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
-Ер нь манай аймгийн хувьд их, дээд сургууль, цэргийн анги байхгүй. Энэ утгаараа болзошгүй асуудал тулгарсан үед донорыг олноор нь элсүүлэх боломж хомс. Тиймээс бид байгаа боломжоо зөв олж хараад, донорын сурталчилгаа, цусны нөөц дээрээ анхааран ажиллаж байна. Ялангуяа Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийнхны дунд донорын үйлс, ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг хийдэг. Тэд маань нийслэлд оюутан болоод ирэхээрээ цусаа бэлэглэнэ шүү дээ. Бас нутаг орондоо буцаад очихоороо донорын үйл хэргээ үргэлжлүүлнэ. Энэ дашрамд хэлэхэд, манай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц харьцангуй тогтвортой. Ажлаасаа гараад, солигдоод байдаг эмч, сувилагч ховор. Үр дүнд нь бид нэг зүгт харж, нэгэн итгэл сэтгэлээр баг болж ажиллаж чаддаг.
–Ер нь цусны албаны ач холбогдлыг нэг үгээр илэрхийлээч?
-Нийгмийг идэвхжүүлж, ард түмнийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудаж чаддаг гэдэг талаас нь цусны албаараа бахархдаг.
–Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Д.Лхагва