Хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гол шалтгаан нь баталгаагүй хүнс, агаарын бохирдол гэдгийг захын хүүхэд ч мэднэ. Агаарын бохирдол үүсгэгч нэгэн хүчин зүйл нь автомашины яндангаас гарч байгаа утаа юм. Өндөр хөгжилтэй оронд машиныхаа янданд заавал шүүлтүүр хийж байж замын хөдөлгөөнд оролцдог бол Монголд ихэвчлэн хуучин машинууд оруулж ирдэг бөгөөд янданд нь шүүлтүүр суурилуулах тухай ойлголт байдаггүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хорт утаа үйлдвэрлэгч машины янданд шүүлтүүр заавал суурилуулахыг хуульчилсан ч болно шүү дээ.
Эдэлгээний хугацаа нь дууссан автобуснууд хорт утааг жинхэнэ үйлдвэрлэгч мөн. Төрийн холбогдох байгууллагаас ийм сөрөг үзэгдлийг шууд зогсоож чадахгүй байгаад гайхах юм. Хар утаа олгойдуулсан төмрийн сэгийг нийтийн тээвэрт явуулахыг хориглож, шугаманд гаргасан автобус компаниудад хайр найргүй хариуцлага тооцох ёстой. Гэтэл энэ чиглэлээр арга хэмжээ авч чадахгүй байна. Шинэ автобуснууд оруулж ирсэн ч хуучин автобуснууд үйлчилгээнд явсаар л байна!
Өнөөдөр урт цэнхэр автобусанд суулаа. Түлш ихээр үнэртэж дотор харанхуйлж эхлэв. Шугаманд гарахаас нь өмнө үзлэг үйлчилгээ хийж болохгүй юу? Байдал ийм хэвээр байвал хорт хавдар улам залуужиж, үндэсний аюулгүй байдал маш хүнд байдалд орно!!! Улстөржих биш ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаач! Улсын баялаг нь хүн. Хүний баялаг нь эрүүл мэнд.
Д.Лхагвадорж