АН-ын анхан шатны гишүүдийн төлөөлөл гэх хэдэн хүн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлыг зохион байгуулсан АН-ын гишүүн Г.Хажидмаа “Өнгөрсөн 7 хоногт бид АН-аас 2024 оны УИХ-д нэр дэвших лидерүүдээ анхан шатны гишүүдээсээ сонгож дэвшүүлье гэдэг саналыг гаргасан юм. Гэтэл жагсаал гэдэг луйварчдыг төрд гаргах аймшигтай зүйл гараад ирлээ. Үнэнч шударгаар 2024 оны сонгуульд орж дарангуйллаас гарахын тулд ёсзүйтэйгээр нэр дэвшигчдээ сонгох ёстой. Үүнийг анхан шатны гишүүдийн саналаар шийдэх ёстой юм. Өнгөрсөн жилүүдэд АН хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Одоо байгаа даргыг маш олон жирийн гишүүд нь хүлээсээр байна. Хэзээ сөрөг хүчний үүргээ биелүүлэх юм бэ гэж. Гэтэл АН-ын дарга нар гэж морь унаж, гоё дээлтэй зураг авахуулсан хүмүүс л байна. Үл бүтэх хүмүүс 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтад орж, нэр дэвших гэж байна. Тодруулбал Л.Гантөмөр, С.Баярцогт тэргүүтнүүд Төрийн ордонд МАН-ын дарга нарын өрөөнд орж, цуг цай ууж, шоудаж явдаг. Гэхдээ гарч ирээд Монголын ард түмэн болон АН-ын жирийн гишүүдийг хуурсаар байна. Би УИХ-д нэр дэвшихгүй. Харин эдгээр луйварчдыг нэр дэвшүүлэхгүй, жагсаалтад оруулахгүйн төлөө тэмцэнэ. Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Баттулга, З.Энхболд, С.Эрдэнэ, С.Одонтуяа нар жагсаалтад орж УИХ-ын гишүүн болохыг зөвшөөрөхгүй” гэв.