Оны өмнө хотын дарга Х.Нямбаатар автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж мэдэгдсэн. Энэ нь мэдээж жолооч нарт таатай сонсогдсон байх. Яг долоо хоногийн өмнө нийтийн тээврийн жолооч нар “Бидний цалинг 3.500.000 төгрөг болгох амлалтаа биелүүл” хэмээн шаардаж жагссан.
Гэхдээ өөрсдийнхөө сахилга хариуцлага, ухамсар сэтгэхүй ямар байгаа талаар огт хөнддөггүй юм. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэгч байгууллага байдаг ч автобусны жолооч нарын цалин бага байна гэж хашгирахаас бус хариуцлага, соёл хандлагын талаар нэг ч үг унагаж үзээгүй.
Өнөөдөр нийтийн тээвэр алдагдалтай байгаа нь үнэн. Алдагдлыг нь төрөөс дааж ирсэн нь үнэн. Жил бүр төсвөөс татаас өгдөг. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх бодлого боловсруулж байгаа талаар саяхан Х.Нямбаатар дарга мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, автобус компаниуд алдагдлаа өөрсдөө нөхдөг шинэ менежмэнтийн зарчимд оруулна гэсэн үг. Гэхдээ автобусны жолооч нар бэлэн мөнгө авсаар байвал алдагдал нь хэзээ ч буурахгүй. Нийтийн тээврийн жолооч нар “Хүмүүсийн өгсөн мөнгөөр хоол идэж, тамхи авдаг” гэж хээв нэг ярих болтлоо сэтгэлгээ нь ядуурчээ. Автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниуд нь бэлэн мөнгө халааслахыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү? Энэ олон шугамын жолооч нар байгууллагадаа ордог мөнгийг замаас нь завшаад байхаар тухайн аж ахуйн нэгж санхүүгийн алдагдал хүлээх нь хэнд ч ойлгомжтой биз дээ? Энэ байдал арилахгүй бол жолооч нарын цалинг 5 сая болгоод ч нэмэргүй!
Д.Дорж