Өглөө эртлэн Баянзүрх цус цуглуулах төвийн хаалгаар орвол 15-16 орчим насны нүдээрээ инээмсэглэсэн хоёр хүү угтаж, хувцас өлгөнгөө цус өгөх эрэмбэ дарааллыг танилцууллаа. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10.В ангид суралцдаг Э.Тэмүүжин, Б.Буянтогтох гэж өөрсдийгөө танилцуулав. Өсвөрийн улаанзагалмайчид гэнэ. “Чөлөөт цагаа бусдад туслаж өнгөрөөх нь зөв санагдаад Монголын улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд болсон. Дандаа сайн үйлсийг сурталчилдаг, сайн сайхны тухай ярьдаг хүмүүсийн дунд байх гоё. Манай ангийн нийт 7 хүүхэд улаан загалмайн үйл хэрэгт оролцдог” гэлээ. “Удахгүй цус өгч болох насанд хүрэхээрээ цусаа бэлэглэнэ” гэж дуу нэгтэй өгүүлцгээв.
Б.Буянтогтох хүү газрын тосны инженерийн ангид орох зорилго тавьсан бол Э.Тэмүүжин эдийн засагч болох мөрөөдөлтэй аж. Ирээдүйн шилдэг мэргэжилтнүүд, хүмүүнлэгийн үйлсийг түгээгч дүү нартаа баярлалаа.
Д.Лхагва