Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс эсэргүүцсэн нь нийгэмд бухимдал төрүүлсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газар 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдлээ.
Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох саналыг “D-Өргөдөл’ цахим өргөдөл, гомдлын системд байршуулахад долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн гарын үсгээ зурж дэмжсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг авч хэлэлцэх уламжлах хууль бий. Үүний дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалт хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай гэж үзсэн. Хөдөө 0.35 га газар, хотод 0.07 га газар эзэмшүүлэх хууль гарч хэрэгжсэн боловч зарим иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад яагаад гадаадын иргэнд 100 жил хүртэл ашиглуулах асуудал байдаг юм хэмээн яригдаж байна. Газрыг танил тал эрх мэдэлтэй хүмүүс авдаг үзэгдэл хавтгайрсан учир Газрын тухай хуулийн хэрэгжилт газрын зөвшөөрөл олголт, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, түр хороо байгуулах, нээлттэй сонсголоор хэлэлцэх ажлын хэсгийг байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүн, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Монгол Улсын халдашгүй дархан өмч болсон газрыг 100 жилээр эзэмшүүлэх ашиглуулах хууль батлагдах ёсгүй гэж үзэж, бүр мөсөн таслан зогсоох хуулийн төслийг боловсруулж батлуулна” гэлээ.
УИХ-ын дарга мөн “Хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай” гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.
Д.Дорж