50 номерын шинэ улаан автобусанд суулаа. Жолооч нь орж ирсэн хүмүүсээс бэлэн мөнгийг баруун солгойгүй авч байна. Бүр хуучны кондуктор шиг “Май хариултаа ав” гэж байх юм. Нийтийн тээврийн ашгийг жолооч нар дундаас нь албан бусаар цувчуулаад байхаар энэ салбар яаж хөгжих юм бэ?
Бэлэн мөнгө авахаас гадна тамхи татдаг, эгнээ байраа буруу эзэлдэг, гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, суугаагүй байхад нь ухасхийн хөдөлдөг, хөгжим чарлуулж хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг, сигналаа цочиролд ортол орилуулдаг, цонхоороо шүлс, нус цэр, хог хаядаг гээд нийгэмд халтай олон хэрэг зөрчил автобусны жолооч нарын дотор буурахгүй байна. Мунхаг ууртай жолооч сигналаа байдгаар нь орилуулснаас болоод гудамжидн ээждээ тэврүүлээд явж байсан нярай хүүхдийн тархинд цус харвасан тохиолдол гарсан шүү дээ! Автобусны жолоочийн балмад үйлдлээс болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон эмгэнэлт жишээ олон бий!
Байдал ийм байхад нийтийн унааны жолооч нарын цалинг 3000.000 төгрөгт хүргэнэ гэж том дуугарах нь буруу санагдах юм. Эхлээд хүний амь нас, эрүүл мэндийг шууд хариуцдаг автобусны жолооч нарынхаа сахилга хариуцлага, ухамсрыг нь дээшлүүлэх талаар шийдвэртэй анхаармаар байна!
Д.Лхагва