Баасан гарагт Нью-Йоркийн шүүх Дональд Трампыг залилангийн хэрэгт буруутган 355 сая ам.доллароор торгож, Нью-Йорк муж улсад аливаа компанийг удирдах эрхийг нь гурван жилээр хассан нь түүний “бизнесийн эзэнт гүрэн” болон санхүүгийн байдалд нь томоохон цохилт болов.
Энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь “бараг” тодорхой болоод буй Д.Трампыг илүү таатай банкны зээл авч, даатгалын нөхцөл эдлэхийн тулд хөрөнгөө хууль бусаар өсгөж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг худал мэдүүлсэн хэргээр буруутгажээ.
Энэ хэрэг нь эрүүгийн бус иргэний хэрэг тул шоронд хоригдох эрсдэлээс холуур өнгөрөх юм. Гэсэн хэдий ч Д.Трамп шүүхийн шийдвэр гарахын өмнө мэдэгдэхдээ, Нью-Йорк муж улсад бизнес эрхлэхийг хориглох нь “корпорацын хувьд цаазаар авах ял”-аас өөрцгүй юм гэсэн байна.
Нийт 91 хэрэгт яллагдагчаар татагдан дөрвөн муж улсад шүүхэд дуудагдаад байгаа Д.Трампын хувьд өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг “сонгууль болох гэж буй энэ үед өөрийнх нь нэр хүндийг унагах гэсэн арга” хэмээн мэдэгдсээр иржээ. Мөн тэрбээр шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна гэж МОНЦАМЭ уламжиллаа.