Хэдхэн хоногийн өмнө аймшигт осол аваар болж, эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэж, олон хүн бэртэж гэмтлээ. 84 айл орон гэргүй болов. Энэ бол монголчуудыг маш сонор сэрэмжтэй байгаач гэсэн дохио. Гэтэл автобусны ч тэр, жижиг тэрэгний ч тэр жолооч нар сургамж авсан шинж алга. Зам жаахан сэлүүхэн болонгуут ямар ноцтой үр дагавар гарахыг үл тоон хаазаа гишгэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг хэрэг гаарлаа!
Явган зорчигчид гарцаараа, ногоон гэрлээрээ гарч явахад тулж ирээд дуртай дургүй тормозоо гишгэх “эрлэгийн элч”-ийн толгойд юу бодогдож явдаг юм бол? Настай хүмүүс, хүүхдүүд гулгаа тогтсон гялгар замын голд халтирч унавал юу болохыг балмад жолооч нар огт тоохгүй байгаа нь дэндүү харамсалтай.
Улаанбаатар зочид буудлын урд талын 4 замын уулзварын гэрлэн дохиогоор хүмүүс гарч явахад хар машинтай ойворгон залуу хар хурдаараа орж ирээд хүмүүст бараг тулаад тормозоо гишгэж байх юм. Болооч үгүй цонхоо нээгээд хүмүүсийг хэлэх, хэлэхгүй үгээр харааж өгөөд цаашаагаа мөн л галзуу нохой шиг давхиад явлаа. Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй гэдгийг бүдүүлэг жолооч нар даанч ухамсарлахгүй байгаад хатуу хариуцлага тооцоё.
Д.Дорж