Цагаан сар дөхөөд зах, худалдааны төвүүдийн гол бараа нь хэвийн боов болжээ. Гэхдээ үнэ нь өмнөх жилээс хамаагүй нэмэгдсэн болохоор бухимдсан хүмүүс л олон байна. Нэг ширхэг хэвийн боовны үнэ 5500-6500 төгрөг гээд бодохоор хүмүүст, ялангуяа ахмадуудад дарамт болж байгаа нь тодорхой.
“Би багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Өнгөрөгч оны 7 дугаар сард тэтгэвэр маань харьцангуй сайн нэмэгдсэн. Гэхдээ идэж уух юмных нь үнэ дагаад өсчихөөр хэрэг алга. Ноднингийн цагаан сараар би гүрмэл боовыг нийт 45000 төгрөгөөр авч 5 үеэр засаж байлаа. Гэтэл энэ жил 80.000 болчихсон байх юм. Ингэж хамаагүй нэмж болдог юм уу? Баяр ёслолыг далимдуулж ард иргэдээ шулахаа боль! Зарж байгаа улс нь “Бидэнд хамаагүй. Цаанаасаа нэмэгдээд ирсэн” гэдэг өнөөх л үгээ хэлээд зогсож байна. Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг шалгаж болдоггүй юм уу?” гэж нэгэн эмгэн хий дэмий л бухимдан өгүүлэв.
Д.Лхагва