Автобусны буудал дүүрэн хүн. Уг нь их, дээд сургуулийн хичээл эхлээгүй байгаа үе шүү дээ. Ийм байхад автобуснууд хүнээ шингээхгүй байгаа юм чинь ирэх долоо хоногт бүх шатны хичээл эхлэхээр нийтийн унаанд сууна гэдэг азтай хүнд л тохиох завшаан болох нь тодорхой болжээ.
Яг үнэндээ шинээр оруулж ирсэн автобуснууд шугаманд гараад эхэлсэн шүү дээ. Жишээ татахад, 5 шар-Офицер чиглэлийн автобуснууд таван минут ч хүлээлгэхгүй байгаа. Гадаадын өндөр хөгжилтэй оронд автобус 15 минут хүлээх нь стандарт болсон асуудал.
Хамгийн гол нь нийтийн унааны хүрэлцээ муу байгаадаа бус нийслэлийн хүн ам хэт ихэсч, ачааллаа даахгүйд хүрсэнд л асуудлын учир шалтгаан нь бий. Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл саараагүй цагт хотын ачаалал улам нэмэгдэж, тэр хэрээр нийгмийн асуудал хүндрэх нь дэндүү тодорхой. Төвлөрөлийг сааруулаагүй цагт нэг хүнд нэг автобус оногдсон ч байдал сайжрахгүй! Дагуул хотуудаа хөгжүүлж, их, дээд сургуулиудаа хотоос гаргахаас ажлаа эхлэмээр байна!
Д.Лхагва