Уржигдар шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амиа алдаж, нийт 178 иргэн хохирсон харамсалтай явдал болсон билээ. Үүнтэй холбоотойгоор учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг хэлэлцэж буй ажээ.
Үүнтэй холбоотойгоор гал унтраах явцад Онцгой байдлын байгууллагын удирдлага тактикийн алдаа гаргаж, аврагч залуус амиа алдсан эсэх болон Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулж чадаагүй, муу байгаатай холбоотойгоор ёс зүйн хариуцлага тооцох асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна.
Энэ бол олон улсын улс төрд байдаг энгийн жишиг. Нэн ялангуяа олон судлаач, мэргэжлийн хүмүүс уг ослын газар очих үед Онцгой байдлын байгууллагын албан хаагчдад тактикийн алдаатай чиглэлийг удирдлага нь өгсөн байна хэмээн дүгнэж буй юм.
Мөн өчигдөр УОК мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: ” Ийм осол анх удаагаа л Монголд гарч байна” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн хариуцлаггүй яриа гэж болно. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тактик боловсруулж, бэлэн байх нь л чухамдаа Онцгой Байдлын албаны удирдлагын хийх ёстой үндсэн үүрэг билээ. Уг осол угаасаа асар их бухимдалтай байгаа нийгэмд “оч”-ын үүрэг гүйцэтгэх магадлал ажиглагдаж эхэлсэн. Иймээс ч хэрэв жагсаал цуглаан болж, нийгмийн эсэргүүцэл идэвхжиж эхэлвэл Монгол Улсын Шадар Сайд, УОК-ийн Дарга С.Амарсайхан, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, генерал Г.Ариунбуян нарт хариуцлага тооцож, огцруулсан нь зөв гэж МАН-ынхан ярилцаж буй ажээ.
sonin.mn