УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ.
Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
-Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.
Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200 мянган төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400 мянган төгрөгөөр торгуулахаар болсон.
Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон.
Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг өдгөө мөрдөж байна.
Эх сурвалж: УПЕГ