Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль эх орончдын зэвүүцлийг хүргээд сүйд. Уг нь Х.Баттулга нарын яриад, сурталчлаад байгаа шиг газар нутгаа харийнханд өгөхөд тухайн хуулийн үзэл санаа оршоогүй гэж төсөл санаачлагч хангалттай тайлбарласан. Бусад өндөр хөгжилтэй орны жишгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар шинэ техник, технологи, шинэ мэдлэг, мэдээлэл орж ирнэ. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдэнэ. Ядуурал буурна. Улсын эдийн засаг хөгжинө. Ийм л зорилгоор уг хуулийг санаачилсан юм билээ. Даанч энэ нь МАН дотор ч маргаан өрнүүлж, Х.Баттулгын бах тавыг хангаж байна. Тухайлбал, УИХ-д МАН-аас олон удаа нэр дэвшин ялалт байгуулж байсан Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өнөөдөр мэдээлэл хийж нөгөө муу Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эзэнтэй нь хамт ниргэв.
Гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулиа эхэлж гаргаад Монголын байгалийн баялгийг цөлмөдөг байдал үеийн үед байсан. 2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх бэлтгэлийг 2005, 2006 оноос хангасан. Эхлээд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, гаднын хөрөнгө оруулагчдад ашигтай байх талаас нь батлуулж байсан юм. Байгалийн баялгийн эзэн орон ямар нэгэн мөнгө төлөхгүйгээр шууд авах хуулийн зохицуулалтыг устгаж Оюутолгойн 34 хувьд нь монголчууд зээлээр худалдаж авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг тэр үеийн ажил хариуцаж байсан хүмүүс хийсэн. Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж аав ээж захиж ирсэн. Түүнтэй адилхан улсын хувьд газартай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй” гэгчлэн ерөөсөө ард түмэнд шууд таалагдах үгийг хэрэглэв. Байр сууриа илэрхийлж байгаа гишүүдийг буруутгах ч ямар ч үндэсгүй. Ер нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүн бүхэнд бий.
Гэхдээ Монгол Улсын парламентын гишүүд дотор эх орноо гэсэн хүмүүс маш олон бий. Тэд арай ч улс, түмнийхээ эсрэг хууль батлахгүй байлгүй дээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон талаас нь шүүн тунгааж байж баталж таарна. Наана нь сонгууль дөхсөн үед ард түмнийг талцуулах, үнэнийг гуйвуулах хорлонтой үг л хэцүү байна.
УИХ-ын дарга “Сошиалаар ажлаа хийхгүй. Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх шаардлагатай” гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээр хуудуутай хууль л биш юм бол тэгээд батлаач, зориглооч.
Д.Лхагва