Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх бөгөөд тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Манайд оруулж ирсэн нь “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж, Ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн хүмүүс болон холбогдох байгууллагынхан үүнийг шалгана. Бид шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Сүхбаатарын талбайд цөөхөн автобус тавьсан гэж байна. Шаардлагатай бол автобус бааз дээр очоод үзэж болно. Бид эдгээр автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн боловч үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор энэ хугацаа хойшилж байна. Автобуснуудыг хотын захаар явуулахаар төлөвлөсөн байсан. Энэ жил 700 автобус ашиглалтаас гарч, оронд нь 800 автобус шинээр авч, үйлчилгээнд гаргана. 2024 онд мөн ашиглалтаас гарах автобусны оронд шинээр автобус авна. Үндсэндээ нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийнэ гэж ойлгох хэрэгтэй гэлээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60 гаруй хувийнх нь насжилт хэтрээд байсан юм. Энэ хэрээр сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч, нэг жилийн хугацаанд л гэхэд 17 автобус шатжээ. Иймээс парк шинэчлэлийг хийж, нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж, эхний ээлжийн 400 гаруй автобус орж ирээд байгаа билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС