“Ханжөү 2022” Азийн наадмын нээлтийн ёслол өнөөдөр 20:00 цагт зохион байгуулагдаж, манай тивийн спортын их баяр цэнгэл албан ёсоор эхэллээ. Шар тивийн олимп буюу энэ удаагийн Азийн Наадамд 45 орны 12000 тамирчин спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.
БНХАУ-д 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа тус наадамд Тайландын баг хамгийн олон буюу 934 тамирчинтай оролцож байгаа нь Ханжөүгийн Азийн наадмын рекорд амжилт болжээ.
Энэ удаагийн наадамд нийт 11 улс олон хүнтэй баг илгээсний нэг нь Япон юм. Тэд 773 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бол зохион байгуулагч орон болох БНХАУ 887 тамирчнаа өрсөлдүүлнэ.
Азийн наадмын түүхэнд үлдсэн анхны зохион байгуулагч орон Энэтхэгийн хувьд 655 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.
Өнгөрсөн удаагийн Азийн наадмыг амжилттай зохион байгуулсан Индонез энэ удаад 415 тамирчнаа илгээсэн байна.
Харин Азийн наадамд 12 дахь удаагаа өрсөлдөж байгаа Монгол Улсын шигшээ багийн хувьд 408 тамирчин, 250 дасгалжуулагч албаны төлөөлөл оролцож байна.
Мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 40 гаруй сэтгүүлч, зураглаач, зурагчин бүхий уран бүтээлчдээ илгээжээ.
Монголын баг тамирчид нээлтийн ёслолд 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн далбаагаа өргөн жагсаж орж ирлээ.
Энэ удаагийн Азийн наадам буюу тивийн олимпдоо Монгол Улс хамгийн олон буюу 408 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаагаараа онцлогтой гэж МОНЦАМЭ мэдээллээ.