2021 оны 3 дугаар сарын 28-нд АН-ын даргыг сонгох цахим санал хураалт болж М.Тулгат гэгч залуу олонхийн санал авч байсан юм. Гэхдээ тэр сонгуультай зэрэгцээд АН-ын өөр фракц цаасан хэлбэртэй санал хураалт зохион байгуулсан бөгөөд О.Цогтгэрэл тэргүүлж билээ. Ингээд АН хоёр толгойтой болох нь тэрээ. Гэхдээ Дээд шүүх энэ хоёр “дарга”-ын хэнийг нь ч бүртгэж аваагүй. Дахиад л бөөн маргаан, бөөн хэрүүл, бөөн зодоон…
2022 оны 4 дүгээр сарын 03-нд АН-ын даргыг сонгох санал хураалт 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулав. Дээд шүүх мөн л энэ сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзсэнгүй. АН ийнхүү албан ёсны даргагүй, тамга тэмдэг нь ч хэнд, хаана яваа нь мэдэгдэхээ больсон.
Харин 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдов. Гэхдээ асуудал үүгээр зогссонгүй 2023 оны 1 дүгээр сарын 28-нд АН-ын даргыг сонгох цахим сонгууль гэгчийг С.Эрдэнэ тэргүүтэн зохион байгуулж “бедон” Д.Ганбат ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг л дээ. Гэвч Дээд шүүх 2023 оны 02 дугаар сарын 09-нд Лу.Гантөмөрийг бүртгэж авсан учраас Д.Ганбат нарын санаархал бүтэлгүйтсэн. Нэг ёсондоо Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн гарт АН-ын удирдах эрх мэдэл очсон гэсэн үг. АН-ын дэд дарга нарыг сонгох үйл явцаас харахад ч ихэвчлэн Ц.Элбэгдоржийн талынхан жин дарсан. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийн хувьд Ц.Элбэгдорж талынхныг намынхаа голлох албан тушаалд тавьж, Х.Баттулгын талыг шахах бодлого баримталж буй бололтой.
Х.Баттулгын захиалгаар С.Баярцогт (АН-ын тэргүүн дэд дарга болоод удаагүй байна)-ыг яллаж байсан гэдэг ойлголт байгаа гэдэг утгаараа Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр үг хэлээ ололцоно гэхэд хэцүү. Яагаад гэвэл хэн хэн нь буулт хийхийг хүсэхгүй байгаа. Х.Баттулгыг “үзэн ядагчид” АН-ын шийдвэр гаргах түвшинд жин дарах тусам байдал хурцдах нь тодорхой. Гэхдээ мань Женко нэгийг бодож яваа нь ойлгомжтой л доо.
Д.Лхагвадорж