Польш улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, өөрийн батлан хамгаалахын салбарт анхаарлаа түлхүү хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдлээ.
Үр тарианы экспорттой холбоотой маргаан өрнөж буй энэ үед Польшийн тал Украины Элчин сайдыг дуудан ирүүлснээс хойш хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Бид одоо армиа илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэж байгаа тул цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Украинчууд өөрсдийгөө Оросын дайралтаас хамгаалж байгаа, би хувьдаа нөхцөл байдлыг ойлгож байгаа боловч бид улс орноо хамгаалах болно” гэж М.Моравецкий хэлжээ.
Хүнсний экспорттой холбоотой асуудлаар санал зөрөлдөж байгааг үл харгалзан Варшавын зүгээс Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр дээрх хариултыг өгсөн байна.
Лхагва гаргийн өглөө Польш улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үгтэй холбогдуулан Украины Элчин сайдыг дуудан ирүүлжээ.
В.Зеленский үр тарианы экспортын талаар ярихдаа “зарим улс Украинтай эв санааны нэгдэлтэй байгаа мэт дүр эсгэж байна” гэж шүүмжилсэн юм. Харин Польшийн тал үүнийг “дайны эхний өдрөөс эхлэн Украиныг дэмжиж ирсэн манай улсын талаар ийм үг хэлсэн нь үндэслэлгүй шударга бус үйлдэл” гэж мэдэгджээ.
Польшийн хувьд, “MiG-29” сөнөөгч онгоц, “Leopard” танк зэрэг зэвсэг техникүүдийг дангаараа нийлүүлж, Украин руу нийлүүлэх зэвсгүүдээ хадгалах, хилээр нэвтрүүлэхийг холбоотон улсуудад зөвшөөрснөөрөө Украиныг зэвсгээр хангахад голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Мөн энэ оны гуравдугаар сард НАТО-гийн гишүүн орнуудаас Украинд сөнөөгч онгоц нийлүүлэхээ хамгийн түрүүнд амласан бөгөөд дөрөвдүгээр сараас эхээр нийлүүлж эхэлжээ. Түүнчлэн Польш улс Украины нэг сая гаруй дүрвэгчийг хүлээн авсан байна.
Харин Польшийн тал тариалан эрхэлдэг фермерүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд Украины үр тарианы экспортод хориг тавьсантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Варшав-Киевийн хооронд үүссэн хурцадмал байдал даамжраад байна.
Орос улс Украин руу довтолсны улмаас Хар тэнгисийн тээврийн замууд хаагдсан юм. Орос улс үр тарианы хэлцлээс гарснаар Европын Холбооны /ЕХ/ улсууд Украины үр тариаг дамжин өнгөрүүлэх чухал зам болжээ.
ЕХ тавдугаар сард Болгар, Унгар, Польш, Румын, Словак зэрэг улс руу чиглэсэн үр тарианы импортыг хязгаарлахыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь “импортын улмаас дотоодын зах зээл дээр үнэ унаж байна” хэмээн гомдол мэдүүлж буй тариаланчдыг хамгаалах зорилготой байсан юм. Ингэснээр үр тариаг дээрх таван улсаар дамжуулан тээвэрлэхдээ тэдгээрийн зах зээлд борлуулахыг хязгаарласан байна.
Харин өнгөрсөн долоо хоногт Европын Комисс “Украинтай хил залгаа оршдог таван гишүүн улсын зах зээлд бий болоод байсан хүндрэл арилсан” гэж үзээд импортын хоригийг зогсоосноо мэдэгдсэн юм. Харин Польш, Унгар, Словак улсууд уг шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн бол Украины эрх баригчид Дэлхийн Худалдааны байгууллагад гомдол гаргахаар шийдвэрлэсэн билээ гэж МОНЦАМЭ уламжиллаа.