Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт дуусч, хөдөлдөг төмөртэй болгон зам дээр гарлаа. Улаанбаатар эргээд л түгжрэл, бухимдал, хараал ерөөлийнхөө төлөв байдалд шилжив. Өнөөдөр бороо орж байгаа болохоор хальтиргаа гулгаа үүсч, авто зам дахиад л зарим газраа тэг зогсолтод хүрчихлээ.
Хамгийн аюултай нь түргэн тусламж, галын тэрэг хоёр л очих ёстой газраа цаг алдаж очих нь хэцүү байна. Урсгал сөрөх аргагүй байдал үүсчихвэл дээгүүр нь нисэлтэй биш. Эмнэлгийн яаралтай тусламж минутаар бус секунд, хоромоор хэмжигддэг. Түгжрэлээс болоод эмнэлгийн тусламж оройтож, амь насаараа хохирсон хүмүүс дэндүү олон гэдэгтэй маргаж хэрэггүй.
Гал, усын гашуун зовлон шиг хэцүү зүйл хаана ч байхгүй. Стандартгүй баригдсан орон сууцны хороололд гал гарвал юу болохыг төсөөлж байна уу? Барилга хоорондын зайн стандарттай хороолол, хотхон ховорхон учраас нэгэнд нь гал гарахад нийтээрээ өртөх эрсдэлтэй. Тийм учраас түгжрэлийг бууруулахад төр засаг, хотын захиргаа хамаг л ухаанаа дайчлахаас өөр аргагүй!
Д.Лхагва