Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ оны хагас жилийн байдлаар импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чанар, хүртээмж болон зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Иймээс хувийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулан ямарваа нэг арга хэмжээ авахгүй. Иргэдийгээ аль болох хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна.
Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Наадамчдын өргөн чөлөөнд хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тухайлбал, камерын хяналтыг сайжруулж, тээврийн цагдаагийн алба хаагчдыг ажиллуулахаар ярьж байгаа. Түүнчлэн нүхэн гарцыг ажиллуулж, явган хүний гарцыг шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
-Автобусны хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлээд байна вэ?
-Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС